Перу улсаас өсвөр насны хүүхдийн занданшсан шарил олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-04-26 16:05:55

ЛИМА. /AFP/. Перу улсын нийслэл Лима хотын захаас 800-1200 орчим жилийн өмнө амьдарч байсан өсвөр насны хүүхдийн арьс, үснийх нь зарим хэсэг нь хадгалагдаж, байгальд занданшсан шарил олдсон талаар малтлагын багийн ахлагч мягмар гарагт мэдээлжээ. 


12, 13 настай гэж таамаглаж байгаа маш сайн хадгалагдсан хүүхдийн шарил Кахамаркильягийн археологийн малтлагын талбайд малтлага хийх үеэр хоёр метр гүн, том чулуугаар дарсан байсан булшнаас олдсон” гэж багийн ахлагч Ёмира Хуаман “AFP” агентлагт мэдээлсэн байна.


Кахамаркилья нь МЭӨ 200 оны орчимд шавраар барьсан хот бөгөөд 10-20 мянган хүн оршин суудаг байсан гэж үздэг байна.


Ё.Хуаманы ярьснаар, энэ бүс нутгийн элсний давсны агууламж өндөр байдаг нь хүүхдийн шарилыг занданшуулсан байж магадгүй бөгөөд одоогоор хүйсийг нь тогтоогоогүй байгаа аж.



Шарилын гар, хөлөн дээр арьсны хэсгүүд нь хэвээр хадгалагдан үлдсэн байснаас гадна биеэс нь тусдаа байсан толгойноос нь үсний хэсгүүд олджээ. Мөн эрүүнд нь шүднийх нь үлдэгдлүүд байжээ.


“Энэхүү олдворын хувьд маш сайн хадгалагдсан байсан тул ихээхэн ач холбогдолтой юм” гэж Лима хотын Сан-Маркосын их сургуулийн археологчдын багийг ахалж буй Ё.Хуаман хэлсэн байна.


Судлаачид шарилын хажуугаас чулуун зэвсэг, таваг, зэс зүү, мөн нэхмэл эдлэл, эрдэнэ шиш, чинжүүний үлдэгдэл олжээ.


Ташрамд дурдахад, 2022 оны хоёрдугаар сард археологичид Кахамаркильягаас 20 занданшсан шарил олсны найм нь хүүхдүүдийнх байжээ. 

Холбоотой мэдээ