Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулахыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-04-27 16:02:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг ердийн нөхцөлтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулахыг зорьж байна.


Үүнийг бодит ажил болгоход эрчим хүчний эх үүсвэрийг хатуу түлшээс бусад эх үүсвэрээс гаргадаг болох, уламжлалт мал аж ахуй, газар тариалан, барилга, зам тээвэр, олборлох аж үйлдвэрийн салбарын техник технологийг шинэчлэх, эдийн засгийг бүхэлд нь байгаль экологи, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, шинэ арга технологи нутагшуулан өртгийг бууруулж, өгөөжийг нэмэх суурь шилжилтийг төр, хувийн хэвшлийн оролцоотой хийхээр төлөвлөж байна.


2030 он гэхэд зорилтоо биелүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардлагатай тооцоо судалгаа бий. Энэ санхүүжилтийг дотоод нөөц бололцоо, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Дасан зохицолтын сан, Уур амьсгалын ногоон сан зэрэг НҮБ-ын УАӨ-тийн суурь конвенцын санхүүжилтийн механизмаар дамжуулан авч, Монгол Улсын үндэсний эрх ашиг, хөгжлийн бодлогод нийцсэн тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дээрх санхүүжилтийн 70 хувийг босгох боломжтойг Уур амьсгалын ногоон сангийн хоёрдугаар хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэх зөвлөлдөх уулзалтын үеэр мэдээлэв.


УАНС-ийн эхний хөтөлбөр 2019-2023 онд хэрэгжиж, манай улс 460 сая ам.долларын санхүүжилттэй 20 төслийг батлуулсан. Гэсэн ч эдгээр төслийн гуравны нэг нь ажил болж, үлдсэн хэсгийг хэрэгжүүлэхэд өрийн тааз, цар тахал, түүний дараах эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлт, гадаад дотоод хүчин зүйлсээс шалтгаалан тодорхойгүй нөхцөл байдал үүсжээ. Иймд дээрх төслүүдийг "Үндэсний хөтөлбөр-2"-т үргэлжлүүлэх эсэхээ шийдэх, мөн шинээр эхлүүлэх төсөл хөтөлбөрийг цаг хугацаанд нь бодит ажил хэрэг болгох, санал санаачилгыг дэвшүүлсэн, алдаанаасаа сургамж авсан онцлогтой хөтөлбөр болно гэж үзэж байгаа аж.


Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын талуудын байгуулсан Парисын хэлэлцээрт нэгдэн орж, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг тодорхойлж баталсан. Мөн урт, дунд хугацааны хөгжлийн бодлого стратегид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох зорилт тавьж байгаа

Холбоотой мэдээ