ХЭНТИЙ: Шарсан дүпүд дурлагсдын ихэнх нь хүүхдүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-27 16:58:03

Чингис /МОНЦАМЭ/ БНХАУ-аас оруулж ирдэг “шарсан дүпү” гэх хүнсний бүтээгдэхүүнийг сүүлийн үед хүүхдүүд ихээр амтархан идэх болжээ. Чингис хотын 10 гаруй дэлгүүр худалдан борлуулж буй тус бүтээгдэхүүн хаяг шошгоны стандартыг ноцтой зөрчиж байна. Тодруулбал, гадна дотор хаяг, заавар, орц найрлагад нь юу багтсан, яаж иддэг, хориглох заалт байгаа эсэхийг мэдэхэд тун бэрх савлагаатай аж. Иймд худалдааны байгууллагуудыг шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүн худалдан борлуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа юм.

Энэ хүнсний бүтээгдэхүүний гол хэрэглэгчид нь сургуулийн насны хүүхдүүд байна. Худалдаж буй дэлгүүрүүд ихэвчлэн сургуулийн ойр орчимд байрлах аж. Сургуулийн ойролцоо ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж болохгүй стандартыг мэддэг хэрнээ тэд хуулийг зөрчсөөр байна. Тухайн шарсан дүпүг хүнсэнд хэрэглэхдээ дангаар идэх бус хоолны хачир болгож хэрэглэхэд тохиромжтой. Халуун ногоо ихээр агуулсан тул ходоодыг түлэх аюултай юм. Үнэр нь маш хурц бөгөөд будагч бодис их хэмжээгээр агуулжээ. Мөн донтуулагч бодис агуулсан тул их хэмжээгээр идэх хүслийг төрүүлдэг, улмаар удаан хэрэглэвэл ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй талаар Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч эмч М. Алтантуул ярилаа.

Холбоотой мэдээ