Зөвхөн айл өрхүүдээс 200 сая төгрөгийн авлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-07 15:38:44

Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын өвлийн бэлтгэл ажил 70 хувьтай явж байна.

Энэ жилийн тухайд тус станц нь Багануурын нүүрсний уурхайтай гэрээтэй ажиллаж байгаа юм байна. Одоогоор 66 вагон буюу 11-р сарын 1 хүртэл хангалттай галлах нөөцөө бүрдүүлжээ.

“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын дарга А.Эрдэнэбаатар:”Манай станцын тухайд Эрчим хүчний сайдын тушаалаар галлагаагаа энэ сарын 15-ны өдрөөс эхэлнэ. Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай явагдаж байгаа. Бид энэ жилийн хувьд дулааны үнээ 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн хуучин тарифаараа мөрдөнө. Үнэ нэмэх асуудал байхгүй” хэмээн ярилаа.

Эднийх албан байгууллага аж ахуйн нэгж, айл өрхүүдээс нийтдээ 600 гаруй сая төгрөгийн авлагатай байгаа гэнэ. Өр барагдуулахыг анхааруулсан зарлалыг орон нутгийн телевизээр тогтмол явуулж байгаа аж. Энэхүү авлагын асуудал нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад санхүүгийн хувьд ихээхэн саад учруулж байгаа учраас өр барагдуулсаны дараа халаалтаа өгнө гэсэн гэрээг энэ сарын 20-ны өдөр хүртэл хэрэглэгчидтэйгээ хийж байгаа юм байна.

Мөн үйлдвэрийн зүгээс 9-р сарын 15-наас галлагаа эхлэх учир хийгдэж байгаа засвар үйлчилгээгээ 10-ны дотор хийж дуусгахыг айл өрх, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Жил бүр дулааны үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, иргэд, хүмүүс дулаан тухтай өвөлжиж байгаа хэдий ч дулаан ашигласныхаа төлбөрөө цаг тухайд нь төлдөггүй байгаагаас тус байгууллага одоогоор 600 сая төгрөгийн авлага үүсчээ. Үүний 200 гаруй сая төгрөгийн авлага нь айл өрхүүдээс байгаа гэнэ.

Тус станц нь энэ жилийн халаалтаа 9-р сарын 15-наас эхэлж өгөх бөгөөд 10-р сарын 1 гэхэд хэвийн ажиллагаанд орох юм байна.

Өнгөрсөн хугацаанд тус хамт олон Сүхбаатар сумын төвийн цэнхэрийн 18-р байр, шинэ цэцэрлэгийн байрын халаалтын шугам, цэнхэрийн 15, 16-р байрны хэрэглээний халуун усны шугамыг шинэчлэн засварлах, шүдэнзний арын гэр хорооллын шинээр шугамд холбогдож байгаа айлуудын техникийн нөхцөлийг нь тогтоож өгөх зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ