СЭЛЭНГЭ: Уралдааны дүнг 2 жилийн дараа модоо хэрхэн ургуулсан байдлыг нь харгалзан дүгнэнэ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-05-12 13:05:22

Сүхбаатар/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хараа бүсийн Сум Дундын Ойн анги олон чухал ажил арга хэмжээг зохион байгуулан явуулж байна.


Тухайлбал “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Мандал сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 600 сурагчдын дунд мод тарьж, ургуулах уралдааныг зарлажээ.


Дээрх үйл ажиллагааны хүрээнд өгсөн мэдээллийн дагуу сонирхолтой уралдааныг зохион байгуулж, тэргүүлсэн суралцагчдыг модны үр, болон суулгацаар шагнаж урамшуулсан байна.

Уралдааны дүнг 2 жилийн дараа модоо хэрхэн ургуулсан байдлыг нь харгалзан дүгнэж, модоо сайн арчлан ургуулсан сурагчдыг урамшуулах юм байна.


Мөн үйл ажиллагааны хүрээнд модыг хэрхэн тарих, арчлан ургуулах тал дээр ойн ангийн мэргэжилтний зүгээс практик зөвлөгөөг сурагчдад өгчээ.


Энэхүү уралдааныг “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь“ төсөл болон Хараа бүсийн Сум Дундын Ойн анги хамтран зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ