БАЯНХОНГОР: "Алтан гарт" Маам

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-12 14:28:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эмчлүүлэгч хүүхдүүдийн сэтгэл санааны байдлыг дэмжих зорилгоор санаачилсан “Өсөх ирээдүй” тоглоомын өрөөний төсөл нь түүний шинийг эрэлхийлэгч болохыг илтгэнэ. 2007 онд тус төслийг “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагад боловсруулан оруулснаар Хүүхдийн тасагтаа “Тоглоомын өрөө” байгуулж чадсан юм. Энэ бол жирийн ажилтан нь байгууллагадаа олон улсын төслийг татсан анхны тохиолдол.

Ээж минь тийм л сэтгэл зүтгэлтэй энэрлийн элч. Үүнийг тэрлэгч миний бие сувилахуйн салбарт 40 шахам жил ажиллаж яваа Чойжоохүүгийн Эрдэнэмаамын ууган охин билээ.



Ээж, тэртээ 1981 онд Баянхонгор аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийг дүүргээд, 1983-1988 онд Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт асрагчаар орж ажиллаж байгаад 1988-1990 онд Говь-Алтай аймгийн АУДуС-ын сувилагчийн ангид суралцаж дүүргэсэн. 1990 оны долдугаар сараас Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт процедурын болон ээлжийн сувилагчаар 33 жил, өдгөө “Мандал Баянбулаг” эмнэлгийн өдрийн эмчилгээний сувилагчаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна.


Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр. Анх Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс Сувилагч нарын баярын өдөр болгожээ.


Дөнгөж төрсөн нярайн уйлах дуунаас эхлээд амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх хүний амьдралын амьдрал, үхлийг дэнслэх хариуцлагатай энэ албыг цагаан нөмрөгт баатрууд болох эмч, сувилагч, асрагч нар “гэрчлэх” билээ. Тэд бол өвчтөнүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, халамжлагч нь байдаг.


Ээжийн ажлаар очиход, ээжтэй утсаар ярихад хүүхдийн уйлалдах дуун л сонсогдоод байдаг сан. Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн хуучин байрны урт коридорт цуурайтаад хүүхдийн уйлаан бүр ч сүр ордог байсан шиг байгаа юм.

Гар утас битгий хэл, суурин утастай айл ч ховор байсан үе. Хүүхдийн тасгийн утасны дугаар 2929. Асуух зүйл гарахад, зөвлөлдөх хэрэг болоход тэр дугаар луу Маамын Зулаа байна, ээжтэй яриулж өгөөч гээд л залгана. Аан, Маам сувилагч тариатай байна, эмийн тараалтад явсан байна, захиалга түүвэр хийгээд завгүй байна гэхчлэн шууд холбогдоод ярих аз тун ховор тохионо. Тасгийнх нь коридорт байрладаг байсан утасны дуудлагыг эмнэлгийнхэн, өвчтөнүүд гээд хэн дуртай нь л авдаг. Харин ээж нэг ч удаа утасны дуудлага авч байгаагүйг сайн санадаг. Орой гэртээ ирэхдээ “Бөгс өндийх завгүй байсаар ирлээ” гэдэг сэн. Үнэхээр цаг наргүй хөдөлмөр бол сувилагчийн ажил, тэр дундаа Хүүхдийн тасгийн сувилагч.

Үйлчлүүлэгчид дусал тариаг залгаад орхичих биш, хүүхэд гараа хөдөлгөөд судсаа хагалах гэмтэх аюултай учир судас руу нь оруулсан зүүгээ тарианы шингэн шахаж дуусах хүртэл барьж суудаг. Өдөрт хэчнээн хүүхдийн тариаг залгах билээ, тэгэхээр яаж ч утсаар ярих, гарч ирээд уулзах зав байх билээ дээ.



Хүүхдийн тасаг дээхнэ үед ТҮЦ ажиллуулдаг байсан. Нүүр гарын алчуур, саван, оо, ариун цэврийн хэрэглэл, ариун цэврийн цаас, ундаа, ус, чихэр, пичень, компод гээд байхгүй зүйлгүй шахам бараатай жижгэвтэр шкафийг тасгийнхаа коридорт ажиллуулж, сувилагч, асрагч нар ээлжлэн бараандаа явж, өрөлт борлуулалтаа хариуцдаг байв. Цөөн хэдэн төгрөгийн ашгаа тасгийнхаа фондод авч тасгаа “өөд нь татдаг” байсан. Ээж ажлаа тарж ирэхдээ заавал амттан авчирдаг сан. Тэр болгон нь сарын сүүлчийн цалин дээр өр болон бичигдэж, нэлээд хэдэн төгрөгийг нь авчихдаг байсныг ахлах ангийн сурагч болсон хойноо ойлгоод “Бидэнд амттанаар яах вэ, ээж. Дэмий өрний нэмэр биш үү” гэхэд тасгийн фондод нэмэр болдог юм аа хө, хэдэн хүүхдэдээ атга чихэр аваад өгөх чадал байлгүй л яахав гээд инээж билээ.

Аав ч, ээж ч төрийн байгууллагад насаараа ажилласан улс. Тухайн үеийн жишиг цалингаас аль аль нь доогуурхан үнэлэмжтэй. Гэсэн хэдий ч юугаар ч дутаалгүй өсгөсөн элбэг их ачтан минь.

 

Аймгийн анхны “Алтан гарт” сувилагч

2000 онд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгааллын яам, МУЗН, Монголын Эрүүл Мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос Олон улсын сувилагчдын өдрийг угтаж зохион байгуулсан ажил мэргэжлийн улсын уралдааны “Алтан гарт сувилагч” өргөмжлөл, тэмдэг ээжийн минь хамгийн үнэт шагнал нь.

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, Баянхонгор аймгийн “Тэргүүний ажилтан цол тэмдэг, Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух”, “Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Төрийн дээд Алтан гадас одон зэрэг олон шагнал бий ч хамгийн томыг нь “Алтан гарт” аа л гэдэг.

 

Аймгийн анхны Ахлах зэрэгтэй сувилагч

Хүүхэд нялхсын эрүүл мэндийн төлөө хүч хөдөлмөрөө зориулахдаа өөрийгөө хөгжүүлэх, илүү сурч мэдэх хүслээ гээгээгүй нь олон зүйлээс нь харагддаг. 2001 онд Улаанбаатар хотод Бариа заслын мэргэжил олгох курс төгссөн, 2003 онд Мэргэжлийн ахлах зэрэг авсан нь Баянхонгор аймгийн анхны Ахлах зэрэгтэй сувилагч болсон, 2010 онд Улаанбаатар хотод ЭНЭШТ-д Хүүхдийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах мэргэжил дээшлүүлэх курс төгссөн бол 2017 онд Тэргүүлэх зэрэгтэй сувилагч болсон байдаг.

Мэргэжлээрээ тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллаж эмчилгээ үйлчилгээнд олон шинэ арга барилыг нэвтрүүлснийг тухайн үеийн удирдлагууд, хамтран зүтгэгчид нь хэлдэг. 2007 онд Сувилагчдын гурван үеийн уулзалтад дунд насны төлөөлөл болж ороход ээжийнхээ хийсэн бүтээснийг “олж мэдэж” туйлаас их бахархаж байв.

 


“Тархины эмгэгтэй хүүхдэд үзүүлэх тусламжийг бариа заслын аргатай хослуулах нь” гарын авлага, Хүнд өвчтөний биеийн байдлыг мэдээлэх богино долгионы автомат мэдээллийн самбар, Хүүхдэд эм тараахад бичиг баримт түүврээ авч явахад зориулсан тэргэнцрийн урд тогтоосон бүслүүртэй самбар, Хүүхэд усанд оруулахад хэрэглэгдэх зүйл, усны температур г.м зүйлсийг хийж тогтоосон хулдаасан уут бүхий ванны хажууд тогтоосон тогтоогуур, Хүүхдийн өвчнийг эрэмбэлэн ангилах карт, самбар, сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээний самбар зэргийг хамт олонтойгоо нийлж хийсэн нь шинэ санаачилга болсон байдаг.


Түүнээс гадна Сувилахуйн онол практикийн бага хуралд олон удаа илтгэл бичин оролцож, тэргүүн болон тусгай байрын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан. Амьсгалын замын цочмог халдварын үеийн сувилахуйн тусламж, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч нарын Сувилахуйн тусламж өнөөгийн байдал хэтийн төлөв, Сувилахуй нь шинжлэх ухаан ба урлаг, Сувилагчийн ёсзүй, өнөөгийн шаардлага, Хүнд өвчтэй хүүхдийн сувилахуй ба эмийн зохистой хэрэглээ, Сувилахуй шинжлэх ухаан болох нь сувилагчийн боловсролын шатлал, Эмнэлгийн дунд мэргэжилтэнд тулгамдаж буй асуудлууд зэрэг илтгэлдээ салбарынхаа амин чухал асуудлуудыг хөндөн тавьж чадсан даа. 



Тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд эм тариа, эмчилгээ үйлчилгээ, эмчилгээний хоолны талаар зөвөлгөө өгч, хэвтрийн болон хүнд хүндэвтэр хүүхдийг  нуралт холголт цоорлоос урьдчилан сэргийлэх, усанд оруулах,  ор дэрийг нь засах, утлага хийх, хооллох, асарч сувилах, эцэг эхэд нь эрүүл мэндийн зөвөлгөө өгөх зэрэг сувилгааг өдөр тутамдаа  хийж, эмчийн заалтаар бусад эмчилгээг цаг тухайд нь хийж ирсэн. Улмаар утлага эмчилгээ нь Хүүхдийн тасгийн брэнд үйлчилгээ болж, хатгалт цөөрөх, томуу өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлж байна” гэж байгууллагын хурлын протоколд бичсэн байсан. Ээж минь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон ЭНЭРЛИЙН ЭЛЧ билээ.


2023.05.12-ны өдөр 12:57 минут. Ээждээ баярын мэнд хүргэхээр залгахад “За баярлалаа, баярлалаа. Ээж нь гурван тариа залгачихаад эргээд ярья, дийд дийд”.

Цаг наргүй хөдөлмөр, ээж БАС Л ЗАВГҮЙ.

Холбоотой мэдээ