БАЯНХОНГОР: Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-15 10:15:22

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал,  Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг байгууллаа.


Тус төвийг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 127 тоотод байгуулж, энэ сарын 13-нд нээлтийн үйл ажиллагааг хийлээ. Төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн,  Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Стефани Бурри нарын зэрэг албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов.



“Хууль тогтоомж сурталчлах төв” нь

- Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төсөл болон цахим системд байршсан санал асуулгад иргэд саналаа өгөхөд нь туслах

- D-Parliament, www.legalinfo.mn зэрэг хууль тогтоомжийн цахим системийг ашиглах зааварчилгааг иргэдэд тайлбарлан таниулах

- Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хууль тогтоох, хянан шалгах чиг үүрэгтэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах

- “Парламентын боловсрол” хөтөлбөрийн www.edu.parliament.mn цахим хуудас болон аппликэйшнийг иргэдэд танилцуулж, хэрэглэх зааварчилгааг тайлбарлах

- Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэр, үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд хүргэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм.  


Аймгийн ИТХ-ын ажлын албанаас өнөөдрийн байдлаар Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан Баянхонгор аймгийн 20 сумын Засаг даргын орлогч, 105 багийн дарга Засаг дарга нар болон Ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн төлөөлөл 150 сурагчдад Монгол Улсын Их Хурал, аймгийн ИТХ-ын Хууль тогтоомж сурталчлах төв, D-Parliament сошиал платформын ашиглалт, Парламентын боловсрол хөтөлбөрийг танилцууллаа.

Холбоотой мэдээ