Помпей хотоос хоёр хүний араг яс шинээр олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-05-17 16:13:56

РОМ. /DW/. Помпей хотод малтлага хийж буй археологичид хоёр хүний араг яс шинээр илрүүлсэн талаараа мягмар гарагт мэдээлжээ.


Ромын энэхүү хот нь Италийн өмнөд нутгийн Неаполь хотоос холгүй оршдог байсан бөгөөд МЭ 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрсэн түүхтэй. Уг хот галт уулын үнс нураманд хучигдсан тул олон оршин суугчдынх нь цогцос хадгалагдан үлдсэн юм.


Харин сүүлд олдсон хоёр хүний араг ясыг 55 орчим насны эрэгтэй хүмүүсийнх гэж үзэж байна. Урьд нь ханын зургууд, луусны араг яс олдож байсан “Chaste Lover” гэгддэг байгууламжид малтлага хийх үеэр араг яснуудыг олжээ.


Хоёр эрэгтэйг газар хөдөлж, хана нурсны улмаас амиа алдсан гэж үзэж байгаа бөгөөд нэг нь гараа өргөсөн байжээ. Помпейн археологийн хүрээлэнгийн мэдээлснээр, эрэгтэй ханын өрлөг нурахаас өөрийгөө хамгаалахын тулд гараа өргөсөн байх магадгүй гэж таамаглаж байна.


“Тэд барилга нурах үеэр авсан олон гэмтэл бэртлээс болж нас барсан байж магадгүй” гэж тус хүрээлэнгийн мэдэгдэлд дурджээ. Италийн Соёлын сайд Генаро Санжулиано олдворын тухайд хэлэхдээ, "аймшигт дэлбэрэлтийн талаар дахиад хэчнээн олон зүйлийг олж мэдэх хэрэгтэй байгааг энэхүү олдвор харуулж байна гэжээ. 


Түүнчлэн нэгэн төлөөлөгч, “Помпей хотыг хоёр хоногийн дотор сүйрүүлж, олон оршин суугчдынх нь амь насыг авч одсон гамшигт үйл явдлын талаар ойлгож мэдэхэд орчин үеийн малтлагын техник хэрэгслүүд тус дөхөм болж байна” гэж хэлсэн байна.


Өдийг хүртэл Помпей хотоос 1000 гаруй хүний цогцос, үлдэгдэл олджээ. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сард археологичид залуу боол болон түүний эзнийх байх магадлалтай хоёр цогцсыг илрүүлсэн юм.


Археологичдын тооцоолсноор, Помпейн оршин суугчдын 15-20 хувь нь галт уулын дэлбэрэлтийн улмаас, голчлон температурын огцом өөрчлөлтөөс болж цусны даралт огцом дээшилж, доошилсноос зүрхний шигдээс, тархинд цус харвасны улмаас амиа алджээ. Түүнчлэн галт уул дэлбэрэхээс өмнө болон дэлбэрэх үеэр болсон газар хөдлөлтүүдэд олон хүн амь насаа алдсан байна. 

Холбоотой мэдээ