ХӨВСГӨЛ: Хөвсгөл аймагт он гарсаар 14 удаа газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-18 09:23:20

Мөрөн /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт он гарсаар 14 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Бэлэн бай” аяны хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээн ажиллаж байна.

Аяны хүрээнд Мөрөн сумын  “Далай ээж” хүнсний зах,  төв 4 зам,  9 хорооллын засмал зам дагуу гурван байршилд “Бэлэн бай” сурталчилгааны самбарыг байршуулжээ.  

Иргэд “Бэлэн бай” сурталчилгааны самбар дээр байгаа QR кодыг уншуулснаар www.belenbai.mn сайтаас газар хөдлөлтийн талаарх мэдээллийг авах боломжтой.

 

Тус аймаг нь газар нутгийн хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг харьяалагддаг. Газар хөдлөлийн механизм нь Байгаль нуурынхтай адил гэж үздэг аж.


Хөвсгөл нуур нь газар хөдлөлтийн нөлөөгөөр үүссэн нуур юм. Тус газар нутгийг Бүсийн голын хотгор, Дархадын болон Хөвсгөл нуурын хотгор гэсэн 3 бүсэд авч үздэг. Судалгаагаар энэ бүс нутагт хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, 1991 оны 12 дугаар сарын 27-нд Бүсийн голын хотгорт буюу Цагааннуур сумын нутагт яг ийм 6-7 баллын хүчтэй газар хөдөлж, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хот зэрэг томоохон хот суурин газар хүчтэй мэдрэгдэж байсан гэнэ.

Мөн Хөвсгөл аймгийн Ханх суманд 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.

 

 

 

Холбоотой мэдээ