ӨВӨРХАНГАЙ: Г.Баясгалан: Нэг модыг хугалж гэмтээхэд хэдэн жилийн хүч хөдөлмөрийг үгүй хийдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-20 06:34:45

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг энэ жил Бүх нийтээр мод тарих хаврын өдрүүд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 800 мянган мод бут тарих зорилт дэвшүүлж байна. Албан байгууллага, айл өрхүүдийн хэмжээнд мод бут тарих ажлыг энэ сарын 12-ноос эхлүүлээд байгаа юм. Уг ажлын талаар аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалангаас тодрууллаа.

 

-     Өвөрхангай аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэдэн хувийг ой эзэлдэг вэ?

Манай аймаг Төв Азийн усны хагалбар бүс нутгийн хамгийн зүүн хэсэгт хангай, хээр тал, говийн гурван бүслүүрт оршдог. Нийт нутаг дэвсгэрийн дөрвөн хувьд заган болон шилмүүс мод ургадаг. Хангайн бүсийн 170.0 мянган га талбай буюу есөн сум их, бага хэмжээнд ой модтой. Говийн дөрвөн сумын нутаг дэвсгэрт заган ойтой.

-  “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мод бут, ногоон байгууламжийг хэдэн хувиар нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна вэ?

Манай аймаг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих өдрүүд”-ийг  жил бүрийн 5, 10 дугаар сард тогтмол зохион байгуулж ирсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 20 сая мод тарьж ургуулах гэрээ байгуулаад хоёр дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 320.0 мянган мод, бут тарьсны 36 мянгыг айл өрх, 70 мянга орчмыг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хуваарьт газраа, 140 мянгыг нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид, 74 мянгыг ойжуулалт, хамгаалалтын ойн зурваст тус тус тарьсан. Намрын тооллогоор нийт тарьсан модны амьдралт 85-90 хувьтай ургаж байна гэсэн дүгнэлт гарсан.


Энэ жил 800 мянгаас доошгүй мод тарьж ургуулах зорилт тавиад 5 дугаар сарын 12-ноос үйл ажиллагааг эхлүүлж, эхний хоёр өдөр 20-иод мянган мод бутыг тарьсан. Түүнээс хойших дүн мэдээг хараахан нэгтгээгүй байна. Ирэх долоо хоногт байгууллагууд мод тарих ажлыг эрчимтэй зохион байгуулах төлөвтэй байна.

“Тэрбум мод” хөдөлгөөнөөр иргэд, олон нийтийн мод, бут тарих хүсэл, зорилго идэвхжиж, мод үржүүлгийн ажил эрхлэх аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байгаа. Мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр байгуулахад орон нутгаас бодлогоор дэмжиж ажилласнаар аймгийн хэмжээнд 22 мод үржүүлгийн газар бий болж, тарьц суулгацын тоо хэмжээ урд онуудаас тав дахин нэмэгдсэн. 2024 оноос эхлээд жилд 2 саяас доошгүй тарьц суулгацыг аймгийнхаа нутаг дэвсгэрээс хангах бололцоо бүрдэж байна.


-   Цэцэрлэгт хүрээлэнгийн тоо хэмжээ ч багагүй нэмэгдэж байна. Аймагт нийт хэдэн цэцэрлэгт хүрээлэн байна?

-    2022 оныг аймгийн ИТХ-аас “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг багасгах жил” болгон зарласан. Энэ хүрээнд сум бүр төвийнхөө ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавьж, нийт хэмжээгээр 40-өөд га талбай бүхий 14 цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан. Энэ жил ч цэцэрлэгт хүрээлэнгээ тохижуулах, мод бут нэмж тарих ажил үргэлжилж байна. Арвайхээр суманд сая 23 га талбайд “Баян Намсрай” гээд цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулахаар төлөвлөж, 145 байгууллагын алба хаагчид 10-аад мянган мод, бут тарилаа.


Дэлгэрэх голын голдиролыг шулуутгах ажил 2009 оноос эхэлсэн. Энд ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг жил бүр төлөвлөөд хэрэгжүүлдэг. Тухайлбал, 2019 онд БНСУ-ын “Ханнара” ТББ-тай хамтраад “Хумбобса” цэцэрлэгт хүрээлэнд 3000 мод тарьсан нь сайхан ургаад бие даасан цэцэрлэгт хүрээлэн болсон байна. Мөн “Олимп”, “Ногоон төгөл”, “Залуус” гэхчлэн цэцэрлэгт хүрээлэнг Дэлгэрэх гол дагуу байгуулж, 10 гаруй мянган мод бут тарьсан. Энэ жил нэмж тариалалт хийх ажил өрнөж байна.


Мөн Монгол-Солонгосын хамтарсан  “Ногоон хэрэм” төслийн гурав дахь шатны ажил Өвөрхангай аймагт өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн. Арвайхээр суманд 15 га газрыг хашаалаад хөрсөө бэлтгэж, газраа хагалж, худаг усаа гаргаж, эрчим хүчинд холбогдсон. Энэ жил гол тарилтын ажлаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Энд 10 гаруй төрлийн мод бутны тарьц суулгацыг бойжуулах томоохон мод үржүүлгийн газар болно. Үүний үр дүнд 2024, 2025 оноос эхлэн Өвөрхангай аймагт тарьц суулгацын хангалттай нөөц бүрдэх юм. Энэ төслөөр сургалт, мэдээллийн төвийг байгуулж, хүүхэд залуус, иргэдэд экологийн боловсрол олгох, мод тарих, арчлах аргачлалд сургах чиглэлээр ажиллана.


Тэрчлэн Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд 12 га талбай бүхий “Их Монгол” цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, хашаажуулан төрийн албан хаагчдын хүчээр 14 мянга орчим мод тарьж, арчилж байна.



- Мод тарихад хамгийн чухал зүйл усалгаа шүү дээ. Усалгааны систем манай аймагт хэр хангалттай вэ?

-    Мод бут тарих усалгааны зориулалтаар 19 гүнийн худгийг гаргасан. Энэ жил ч төлөвлөсөн газрууд бий. Модыг тарих нэг хэрэг. Тарьсан модоо усалж ургуулах нь хамгийн чухал. Манай аймагт усны асуудал хүндрэлтэй байдаг. Үүнийг үе шаттай шийдэж байгаа.

-     Мод бут тарьж ургуулахтай холбоотой ямар бэрхшээл, тулгамдсан асуудал гарч байна вэ?

-    Нэн тэргүүнд тулгамдаж байгаа хоёр асуудал байна. Мод тарьсан талбайн хашаа, хайсыг зориудаар эвдэж малаа оруулах, мод бут хугалах, гэмтээх зөрчил хэд хэдэн удаа гарсан. Үүний эзэн холбогдогчийг тогтоож, хуулийн байгууллагатай хамтраад хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг авч байна.


Мод тарьж ургуулна гэдэг амар ажил биш. Нөгөөтэйгүүр, мод тарих нь зөвхөн өөрийн төлөө биш, байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэж байгаа үйлс юм. Гэтэл нэг модыг хугалж гэмтээхэд хэдэн жилийн хүч хөдөлмөрийг үгүй хийж, түүнд зарцуулсан хөрөнгө мөнгийг устгаж байдаг. Үүнээс болж мод тарьж байгаа хүний урам хугарах, шантрах нөхцөл үүсч байна.


Үүнийг иргэд маань ойлгож, анхаарч, нэгнийхээ хийсэн бүтээсэн ажилд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Цөөн хэдэн малаа онд оруулахыг урьтал болгож, тэр их хэмжээний хүч хөдөлмөрийг үрэн таран болгомооргүй байна. Монгол улс дэлхий нийтийн өмнө үүрэг хүлээж, шат шатандаа энэ үйл ажиллагааг явуулж байгаа гэдгийг ухамсарлаж, эх оронч сэтгэлгээтэй хандахыг иргэдэдээ уриалъя. 

Бид 4 дүгээр сарын эхээр ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубийн сурагчдын дунд уралдаан зарлаж дүгнэх, зөвлөгөөн зохион байгуулж, идэвхжүүлэх, нөлөөллийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтарч зохион байгуулсан. 

Хоёрдугаарт. хашаа хамгаалалтгүйгээр мод тарихад хэцүү. Өнгөрсөн жил тарьсан мод бутаа хамгаалж, 27 мянган метр хашаа, хайсыг хийсэн. Хууль тогтоомж, журамд мод бут тарих, усалгаа, арчилгааг хариуцах хүмүүсийн цалин урамшуулал болон хайс, хашааны зардлын тухай тусгагдаагүй учраас мод тарихад зардлын асуудал хүнд байгаа.


-     Иргэд, олон нийтийн мод тарьж ургуулах идэвх хэр байгаа бол?

-   Нэг үеэ бодвол мод тарих, ялангуяа жимс жимсгэний мод тарьж үр шимийг нь үзэх хүсэлтэй хүн их болжээ. “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд энэ жил мод тарих өдрийг аймгийнхаа хэмжээнд “Өрх бүр хашаандаа мод тарьцгаая” уриан дор хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд жимс жимсгэний мод бутыг нэгдсэн зохион байгуулалтаар тарих иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарч, гэрээ байгуулах, тарьц суулгацыг олгох ажлыг зохион байгуулж байна.

-     Мод бутны тоо хэмжээг нэмэгдүүлэхээс гадна одоо байгаа ой модоо хамгаалах нь чухал байх.

-     Тэгэлгүй яахав. Ой модтой холбоотой хууль бус ажиллагаанаас гадна маш их хэмжээний ой хортонд идэгдэж байна. Манай аймгийн ой мод хангайн нурууны зүүн урд төгсгөлийн маш эмзэг бүс нутагт хамаардаг. Өөрөөр хэлбэл, хортон шавьж болон байгалийн ямар нэг гамшигт өртвөл эргэж сэргэх тохиолдол маш бага. 2010 онд их хэмжээний хортон тархаж, онгоцоор 190 гаруй удаагийн нислэг хийж, 90 мянган га талбайн ойд хортон устгалын ажил хийж байсан. Түүнээс хойш харьцангүй гайгүй байсан ч өнгөрсөн жилээс модны хортон голомтлон тархаж эхэлсэн.


Бид БОАЖЯ-ны Ой газарт хүсэлт тавьж, Өвөрхангай аймгийн ойн сан бүхий газруудаар ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны дүнд тулгуурлаж хэдэн га талбайд тэмцлийн ажил явуулах төлөвлөгөөг гаргана. Ойн хортон устгалын ажилд зориулж, Бат-Өлзий сум 300 сая төгрөг, бусад сум 100 сая төгрөг төсөвлөөд гэрээ байгуулж байна. Доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулалт хийх, ойн зурвас байгуулах ажлыг үе шаттайгаар хөрөнгө мөнгөнийхөө боломжид тулгуурлан жил бүр хийдэг.

Мөн хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаас мод тарих ажилд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Монголын Банкны холбоо, Монгол банк, арилжааны банкууд хамтран хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод“ сангаас зарласан мод тарих төслийн сонгон шалгаруулалтад Бат-Өлзий сумын “Сумт хайрхан” ойн нөхөрлөлийн доройтсон ойг нөхөн сэргээх, мод тарих төсөл шалгарч, Төвхөн хийдийн орчмын 8 га талбайд 20 мянган ширхэг шинэс модыг тарьж ургуулах гэрээг байгуулж байна.

-     Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

Холбоотой мэдээ