ЗАВХАН: Номын баяр хүүхдүүдийн хүсэн хүлээдэг баяр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-21 18:30:22

Улиастай /МОНЦАМЭ/. Улиастайд 33 дахь удаагийн номын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. УИХ-ын даргын ивээл дор тэмдэглэн өнгөрүүлж буй үндэсний номын баярыг "Илүү их уншъя" уриатайгаар тэмдэглэж 800 гаруй уншигч оролцлоо.

Улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж буй энэ үйл ажиллагаа нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, үндэсний бичиг, өв соёл эх хэлээ сурталчлан таниулдаг соёлын цогц үйл ажиллагаа юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу 33 дахь удаагийн номын баярыг нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон аж.


/Шинэ болон хуучин номууд бүх насныхны сонирхлыг татаж байв/


Завхан аймагт номын баяраар тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн, тэргүүний уншигч Б.Явуухулан тэмдэгтэн, тэргүүний уншигч байгууллагуудад шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан.

Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэнд нийт 350 гаруй номыг дэлгэж, үлгэрийн баатрууд амилсан нь нэртэй сэдэвчилсэн, дүрийн тоглолтууд, цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагийн тоглолт боллоо.

Түүнчлэн брайль болон сонсдог номоор үзэсгэлэн гаргасан нь нийт уншигчдын тэгш оролцоог хангаад зогсохгүй, Улиастай болон бусад суманд амьдарч буй номд элэгтэй, номын сайн нөхөр, тусгай хэрэгцээтэй иргэдийг сонсдог болон брайль номыг хаанаас ч захиалж уншиж болох боломжтойг сурталчлан таниуллаа.  


/Номын сайн нөхөр, шилдэг суралцагчдад шагнал гардууллаа/

/Номын баярыг угтсан ажилд идэвхтэй оролцсон, шилдэг суралцагчдад шагнал гардууллаа/


Хөгжим бүжгийн сургуулийн оюутнуудын уран зургийн үзэсгэлэнг дэлгэж, гар зургийн уралдаан болж 80 гаруй хүүхэд оролцсон. Боролдой номын дэлгүүрээс 10 хувийн хямдралтай номын худалдааг явуулсан нь уншигчдад боломж олгосон ажил болов.  


Харин аймгийн Музейгээс ардын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, уншигчдад сурталчлан таниулах зорилгоор үйчүүр, оньсон тоглоомын үзэсгэлэн гаргаж, уламжлалт тоглоом наадгайгаар хэрхэн тоглох талаар зааж таниулах ажлыг зохион байгууллаа.


Энэ жилийн номын баярын онцлох үзэсгэлэнгийн нэг нь "Завхан нутгийн зохиолч, яруу найрагчид хэвлэлийн хуудаснаа" нэртэй орон нутгийн сонины үзэсгэлэн байв. Тус үзэсгэлэнд 2000-2015 онд орон нутгийн Завхан сонинд хэвлэгдэн гарсан Завхан аймгийн зохиолч, яруу найрагчдын нийтлэл, шүлэг яруу найраг тухайн үеийн үйл ажиллагааны мэдээ мэдээллүүд нийтлэгдсэн сонины дугаарууд.

Мөн 80 жилийн түүхэн замналтай Туяа сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, редактор асан Н.Рэнцэндорж, идэвхтэн бичигч асан Л,Сэлээд, Д.Тогтохбаяр, Н.Сүхбаатар нарын бичиж үлдээсэн цуврал нийтлэлүүд бүхий сонинуудыг дэлгэн тавьжээ.

/Завхан нутгийнхаа зохиолч, яруу найрагчидтай танилцсан сонирхолтой зургууд дэлгэжээ/


Мөн номын баярын онцлох үзэсгэлэнгийн нэг нь хаягдал цаасыг дахин боловсруулж хийсэн бүтээлийн үзэсгэлэн байв.

Яруу найрагч, зохиолч Ц.Намуундарь аймгийн Төв номын сантай хамтран номын баярыг угтаж, хаягдал цаасыг гар аргаар дахин боловсруулах сургалтыг бүх насныханд явуулжээ.


Түүний сургалтад сууж хаягдал цаасыг дахин боловсруулахад суралцсан багш, хүүхдүүд өөрсдийн боловсруулсан цаасаар ил захидал, тэмдэглэлийн дэвтэр, хичээлийн бусад хэрэгслийг урласан 30 гаруй бүтээлийг дэлгэн тавьжээ.

Тэд энэ үзэсгэлэн худалдаагаараа уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад гар бие оролцох, хог хаягдлыг багасгахад хүүхдүүд манлайлан оролцож буйгаа илэрхийлж, уншигчид, насанд хүрэгчдийг хаягдал цаасаа хогийн саванд биш өөрсдийн гараар боловсруулж, дахин хэрэглээндээ ашиглахыг, байгаль орчноо хайрлахыг санууллаа.


Ташрамд жил бүрийн номын баярыг хүүхэд бүр тэсэн ядан хүлээдэг болсон нь сайшаалтай. Учир нь номын баярын үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд анги хамт олноороо ирж оролцож байгаагаас харагддаг. Харин насанд хүрэгчдийг номын баярын ажилд илүү идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Б.Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн Төв номын сангаас мэдээлэв.

/Номын баяраар зохион байгуулдаг гар зургийн уралдаанд хүүхдүүд оролцох дуртай/

/Анги хамт олноороо ирж номын баярт оролцдог/

/Хөгжим бүжгийн сургуулийн зургийн ангийн хүүхдүүдийн уран бүтээлүүд/


/Хөгжим бүжгийн сургуулийн зургийн ангийн хүүхдүүдийн уран бүтээлүүд/


Жил бүрийн номын баярыг угтаж аймгийн Төв номын сангаас олон талын ажлыг зохион байгуулдаг.

Тухайлбал, "Ном бол ертөнцийг харах цонх" ном уншлагын аян, BOOK FRIEND англи хэлээрх ном унших аян, зохиолч уншигчдын уулзалтыг зохион байгуулсан.

/Англи хэл дээрх уншлагын аянд аймгийн хэмжээнд нийт 300 гаруй хүүхдүүд хамрагджээ./

/Номын өдрийг угтаж, Улиастай сумын таван цэцэрлэгийн 200 гаруй хүүхдэд дэлхийн болон, монгол ардын үлгэрүүдээр чанга уншлагыг зохион байгуулав./

/Номын өдрийг угтаж, Улиастай сумын таван цэцэрлэгийн 200 гаруй хүүхдэд дэлхийн болон монгол ардын үлгэрүүдээр чанга уншлагыг зохин байгуулав./

/Үндэсний бичиг үсэг болон номын өдрийг угтаж, “Төгс баясгалант” хийдэд төвд ном болон уран зохиолын номоор үзэсгэлэн гаргаж, лам хуврагуудаар судар номоо тоослуулан уншлага үйлчилгээ хүргэлээ./


Ном бол ертөнцийг харах цонх ном уншлагын аянд хамгийн олон номыг номын санд ирж уншсан хамт олноор Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн 11в ангийнхан тодорчээ.

Монгол хэл, уран зохиолын багш И.Хишигжаргал:

Хүүхдүүд маань номтой нөхөрлөж сурсан


-Ном уншлагын нэг сарын аянд амжилттай оролцсонд баяр хүргэе. Нэг сарын хугацаанд танай хүүхдүүд хэрхэн яаж оролцов? Номд дурлав уу?

-Аяны тухай мэдээлэл аваад ангиараа номын санд ирж карт нээлгээд, өдөр бүр тогтмол цагт ирж номоо уншдаг байсан. Хүүхдүүд маань ихэвчлэн өөрсдийн сонирхлоор роман, өгүүллэг гээд хувь хүний хөгжлийн ном, шинжлэх ухааны номуудыг ихэвчлэн авч уншдаг байсан.

“Чин үнэн сэтгэлээсээ хүсч, ухаангүй сонирхон уншаад хязгааргүй их баярлах шиг сайхан юм хаа байх вэ. Гэвч хамгийн чухал нь яах гэж гэдэгт оршино.

Хамгийн эрхэм нь зорилго. Зорилгогүй уншина гэдэг бол булаг шанд, шалбааг балчгийг ялгахгүй амсахаар юуны өөр гэж” хэмээн төрийн соёрхолт зохиолч Дарма Батбаяр хэлсэн байдаг.



Тиймээс аянд оролцохоос илүү хүүхдүүдээ номд илүү дурлуулах. Тэднийг номтой нөхөрлүүлэх нь чухал байсан. Манай хүүхдүүдийн хувьд аймгийн шилдэг хос бичигтэн хамт олон, монгол хэл, уран зохиол, монгол бичгийг шимтэн судалдаг хамт олон. Өнөөдөр хүн бүр мэдлэг, мэдээллийг интернэт, радио, телевизээс олж авах боломжтой энэ эрин үед ч гэсэн хэвлэмэл ном, хэвлэлээс эдгээрийг олж авах дадлыг өөртөө тогтоосон хүн бол жинхэнэ уншигч юм.

Тиймээс л мэдээллийн энэ эрин үед хэвлэмэл номыг шимтэн уншиж, сууж сурна гэдэг том боломж, давуу тал байх болно гэдгийг хүүхдүүд маань энэ аянд оролцсоноороо мэдэж сурч, дадал болгож авсанд баяртай байна.

Бид ангиараа 500 гаруй номыг нэг сарын хугацаанд номын санд ирж уншжээ. Гар утас, интернэт гээд хүүхдүүдийн өдөр тутмын хэрэглээ, сонирхолтой нь зэрэгцэж, номын ертөнцөөр аялуулж, тэдний хандлагыг өөрчилж чадсан.

Учир нь ном уншихад нэг тийм дэврүүн мөрөөдөлтэй, тайван тунгааж бодох, ялангуяа сонирхолтой номыг уншаад эхлэхээр дараа нь яах бол гээд догдлоод номын сан руугаа яарах, номоо нээх гээд яарах.


Бүр илүүг унших гэж тэмүүлэх, Үргэлжилсэн цуврал зохиолуудыг эрж сурах гээд хүүхдүүд маань номд дурласан тухайгаа энэ нэг сарын хугацаанд ном уншлагын аянд оролцож байх үеэрээ ам уралдан ярьдаг байсан нь бахархам юм. 

Тиймээс ном уншлагын аяныг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулаасай. Илүү үр дүнтэй. Бусад сургууль идэвхтэй, илүү их оролцоотой оролцож байхыг уриалж байна. 

Холбоотой мэдээ