Белгород мужид терроризмтой тэмцэх дэглэмийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-24 09:44:42

МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын Белгород мужид терроризмтой тэмцэх дэглэмийг цуцалсан тухай бүс нутгийн тэргүүн Вячеслав Гладков “Telegram” сувгаараа мэдээлсэн байна.


“Белгород мужийн нутаг дэвсгэрт терроризмтой тэмцэх ажиллагааны эрх зүйн горимыг цуцлах шийдвэр гаргасан. Холбогдох баримт бичгийг нийтэлсэн” гэж тэрбээр бичжээ.


Хорлон сүйтгэгч бүлэглэлүүд Белгород мужийн нутаг дэвсгэрт Украины талаас орж ирсэн гэж мужийн захирагч тавдугаар сарын 22-ны даваа гарагт мэдээлжээ. “Бүс нутгийг хорлон сүйтгэгчдээс цэвэрлэх ажил үргэлжилж байна. Грайворон, Новостроевка, Горький, Безымено, Мокрая Орловка, Глотово, Замостье, Сподарюшено хотын оршин суугчдын ихэнхийг нүүлгэн шилжүүлсэн” гэж мужийн захирагч "Telegram" сувгаараа мэдээлсэн байна.  


Улмаар тус мужид терроризмын эсрэг ажиллагааны эрхзүйн горим тогтоожээ. ОХУ-ын Мөрдөн шалгах хороо уг хэрэг явдлын дараа терроризмын хэрэг үүсгэсэн бол тус улсын Батлан хамгаалах яам энэ мужид “70 гаруй хорлон сүйтгэгчийг устгасан” гэж мэдээлсэн байна. 


Украины талд байлдаж байгаагаа мэдэгдсэн “Оросын Эрх чөлөөний легион”, гуравдугаар сард Оросын Брянск мужид ийм гэнэтийн дайралтад оролцож байсан "Оросын сайн дурын корпус" гэсэн хоёр бүлэглэл Белгород руу дайралт хийснээ хүлээжээ. 


Харин Украины эрх баригчид тус мужид болсон хэрэг явдалд холбоогүй гэж мэдэгдсэн байна. 


Холбоотой мэдээ