“BU Airshow”-г Буянт-Ухаа нисэх буудлын гадна талбайд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-24 11:33:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 98, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал байгуулагдсаны 66 жилийн ой угтан энэ сарын 26, 27-нд “BU Airshow” зохион байгуулна.


“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх тайлбайд 3 дахь удаагаа зохион байгуулах нисэх загварын шоуны үеэр цэргийн “МиГ29” сөнөөгч онгоц болон агаараас авран хайх баг, шүхэрчдийн үзүүлбэр сонирхуулах юм. Мөн үдээс хойших хөтөлбөрт БНСУ-ын топ-10-д нэрлэгддэг DJ, хип хопчид, репперүүд, рок попынхон оролцсон хөгжмийн фестиваль багтжээ. Хоёр өдрийн турш 11.00-24.00 цаг хүртэл үргэлжлэх агаарын шоу үзүүлбэрийг 0-12 насныхан харгалзах хүнтэй, үнэ төлбөргүй үзэх боломжтой. Нэг өдрийн тасалбар 30 мянга, хоёр өдрийнх нь 50 мянган төгрөг юм. Хоёр өдрийн тасалбар нь Бээжинд хосоороо аялах болон бусад сугалаатай. Мөн өдрүүдэд ХУД-ийн 120-ийн автобусны буудлаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудал хүртэл автобус цаг тутамд үнэгүй үйлчлэх юм. 


“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал энэ талаар мэдээлэхдээ, “Олон улсад зохион байгуулдаг агаарын шоуг БХЯ, ЗТХЯ, ОБЕГ, НЗДТГ хамтран “Монголд зочлох жил”-тэйгээ уялдуулан зохион байгуулж байна. БНСУ-ын нисэхийн чиглэлийн хоёр сургууль хамтран оролцохоос гадна жижиг, дунд үйлдвэрүүд 100 гаруй үйлчилгээ үзүүлнэ. Үзүүлбэрийг жил бүр шинэлэг зохион байгуулахыг зорьдог. Мөн хүүхдийн тоглоомын хэсэг гарган, олон төрлийг агаарын хөлгийг танилцуулж, хүсвэл нисэж үзэх боломж олгож байгаа. Эхний өдрийн хөтөлбөрөө залууст зориулсан бол хоёр дахь өдрийнхийг гэр бүлээрээ үзэхэд зориулж бэлтгэсэн” гэв. 

Холбоотой мэдээ