Шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-24 14:12:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 19-20-нд болсон цаг агаарын аюулт үзэгдэл, түүний улмаас учирсан хохирлын талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулав. 


Үүнтэй холбогдуулан шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгох, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зохих хэмжээний шатахуун, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн дэмжлэг үзүүлэхийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан байна.


Мөн гамшгийн улмаас мал нь хорогдсон малчин айл өрхүүдийн судалгаа, мэдээллийг яаралтай гаргаж малжуулах хөтөлбөрт хамруулах асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт даалгасан аж.

Холбоотой мэдээ