Хар ус нуурын эко системийг цогцоор нь хамгаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-05-31 14:02:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай орны баруун бүсийн томоохон гол, нууруудыг хамгаалах цогц ажлыг хэрэгжүүлэх үүднээс БОАЖЯ, Усны газрын мэргэжилтнүүднээс бүрдсэн судалгааны баг өнгөрсөн 7 хоногт газар дээр нь ажиллаад иржээ. Энэ талаар Усны газрын хэлтсийн дарга Д.Сайханжаргал сэтгүүлчдэд танилцууллаа.


Тэрбээр, баруун бүсийн нуур, голууд төв суурин газрын ахуйн хог хаягдал болон малын хөлөөс үүдэлтэй бохирдож, дээрх хүчин зүйлүүд нуур, голууд замагшихад нөлөөлж байна. Мөн Дөргөний УЦС, Чоно харайх гол дээр байгаль орчны тэнцвэр байдал алдагдаж буй учир энд удирдлагын зохистой харьцааг барьж зохицуулах шаардлагатай байна хэмээн хэллээ.


Хар ус нуурын эко системийг цогцоор нь хамгаалснаар баруун бүсийн усны нөөцийг бохирдох, хомсдохоос сэргийлж чадна. 



Энэ үүднээс судалгааны баг Дөргөний УЦС-ын удирдлагууд, зохицуулах албаныхантай уулзаж, зарим зохицуулалт хийхээр тохиролцжээ. Мөн Хар нуур, Дөргөн нуурын байдлыг нэгдсэн байдлаар зохицуулахын тулд эхний ээлжинд судалгаа хийж байгаа аж.


Тулгамдаж буй өөр нэг асуудалд Дөргөн сумын хүн амын усан хангамжийн доголдол орж байна. Ойр орчмын газрын доорх усны хомсдол тус сумынхныг ундны болон хэрэглээний усаа 40 км-ын зайнаас зөөхөд хүргэж байна. Тиймээс сумын усан хангамжийг Дөргөн нуурын усыг цэвэршүүлэн хангах замаар шийдэх боломжийг судалжээ.


Хар ус нуур орчмын эко системд Хар ус, Дөргөн нуур болон Чоно харайхын гол, Буянт, Ховд голууд ордог юм.

Холбоотой мэдээ