Х.Булгантуяа: 481 мянган тэтгэвэр авагчдын 165 мянгынх нь тэтгэвэр нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-08 13:25:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр "Нийт 481 мянган тэтгэвэр авагчдын 165 мянгынх нь тэтгэвэр нэмэгдэнэ" гэв. 

 

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд "1990-ээд оноос хойш Засгийн газраас итгэлцүүрийг 6 удаа шинэчлэн тогтоосон. 2014 оноос хойш итгэлцүүрийг шинэчлэн батлаагүй. Итгэлцүүр гэдэг нь тэтгэвэр тогтоосон өмнөх цалингийн хэмжээг өнөөгийн цалин хөлсний хэмжээнд шилжүүлэн бодохыг хэлдэг. Өнөөгийн нөхцөлд тэтгэврийг 2014 оны үеийнхээр бодож байна гэсэн үг. Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Тус багц хуульд итгэлцүүрийг жил бүр шинэчлэн батална гэсэн заалтыг оруулж өгсөн” гэсэн тайлбарыг хийсэн юм.  


Ирэх сарын нэгнээс 481 мянган тэтгэвэр авагчдын 165 мянгынх нь тэтгэвэр нэмэгдэх аж. Мөн тэтгэвэр нь нэмэгдэхгүй хүмүүс байгаа гэдгийг салбарын сайд хэлсэн. Үүнд, цалин тэтгэвэртэй холбоотой архив дахь мэдээлэл нь олдохгүй байгаа, Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай зэрэг хуульд хамрагдан тэтгэврээ тогтоолгосон бол тухайн иргэний тэтгэвэр нэмэгдэхгүй юм байна.


Х.Булгантуяа сайд цааш хэлэхдээ "НДЕГ-ын вебсайтад энэ талаарх мэдээллийг тун удахгүй байршуулна. Долдугаар сарын нэгнээс өмнө иргэд уг сайт руу нэвтэрч регистр, нэрээ шивж оруулаад ажилласан жил, тэтгэврийн нэмэгдэлээ харах боломжтой" гэлээ.

Холбоотой мэдээ