ТӨВ: Л.Өлзий-Орших: Хүн бүр амьдарч буй орчиндоо гэртээ байгаа мэт өөриймсөг хандаасай гэж хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-09 20:34:00

Зуунмод /МОНЦАМЭ/. Өөрийн санаачилгаар хашааныхаа гадна талд хүүхдэд зориулсан тоглоомын талбайг байгуулж, тохижуулж байгаа Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн оршин суугч Лувсандамбын Өлзий-Оршихтой ярилцлаа.


Намайг Лувсандамба овогтой Өлзий-Орших гэдэг. Төв аймгийн Бүрэн суманд 1985 онд төрсөн. Эхнэр Г.Намжилцэцэг, хүү, гурван охиныхоо хамтаар амьдарч байна.

-Та энэ байршилд ирээд хэдэн жил болж байгаа вэ?

-Баруун Зуунмод 6 дугаар багийн 12 дугаар гудамжинд ирээд 12 жил амьдарч байна.

-Ямар хэрэгцээ шаардлагыг үндэслэн энэхүү бүтээн байгуулалтыг хийх болсон бэ?

-Миний том охин Тэмүүжин өрлөг сургуульд суралцдаг. Өөрөө их хөдөлгөөнтэй, спортод дуртай хүүхэд учраас хоёрдугаар гудамжинд байрладаг хүүхдийн тоглоомын талбай дээр очиж тоглох шаардлага гардаг. Гэвч тэнд байгаа тоглоомын талбайд хэт олон хүүхэд очдог тул хүрэлцээ муу байдаг тухай үргэлж хэлдэг. Манай хашааны урд талаар залгаад засмал зам байдаг учраас дүү нар нь гадаа тоглох үедээ зам дээр тоглох, дугуйтайгаа явах, бөмбөг тогловол зам руу бөмбөг нь орох гэх мэт хүүхдийн аюулгүй байдал санааг минь зовоож байсан.

Багийн хувьд хоёрдугаар гудамжиндаа ганц тоглоомын талбайтай, алслагдсан хэсэгтээ огт байхгүй байсан. Хашаан дотроо хийе гэж бодох ч жижиг учраас багтаамж хүрэлцэхгүй. Иймд хашааныхаа гадна талд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбай бүтээх ажлыг хийхээр шийдсэн. Би өөрөө барилгын салбарт бригад ахалж, хувиараа бизнес хийдэг. Өөрийн нөөц бололцоогоо ашиглаад, жижиг зүйлсийг ч ашиглаж бүтээгдэхүүн болгож чадах учраас хүсэлтээ баг хороондоо илгээснээр энэхүү талбайн газрыг шийдэж өгсөн.


-Цаашдаа ямар тоглоом хийхээр төлөвлөж байгаа вэ? Энэхүү ажлыг хийхэд иргэдийн зүгээс тусламж дэмжлэг ирж байгаа юу?

-Ойрын хугацаанд хогийн сав, 10-20 хүүхдийн эргэдэг тоглоом хийхийг зорьж байгаа. Ер нь аль болох аюулгүй байдлаа бодож чанартай хэдэн тоглоом хийх бодолтой байна. Би өөрөө хаягдал материал ашиглан хүүхдүүдээ тоглох газартай болгож байгаа учраас материалын тусламж дэмжлэг үзүүлбэл сайн л байна. Багийн засаг дарга тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг, ашиглаж, сэргээж болохуйц материалыг өгсөнд маш их баярлаж байгаа. Мөн Номт 1 дүгээр багийн Гал-Агсан, түүний гэргий Мөнхзул нар унаа машинаар дэмжлэг үзүүлсэн. Тоглоомын талбайгаа хийгээд дуусчихаар засвар үйлчилгээг цаашид харин яахыг сайн хэлж мэдэхгүй л байна. Юутай ч өөрөө эхэлсэн ажлаа дуустал нь хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.


-Тоглоомын талбай дээр олон хүүхэд тоглож байгаа харагдаж байна. Эдгээр хүүхдүүдийн эцэг, эх тантай нэгдвэл улам л хурдан дуусах байх?

-Тийм ээ. Зөвхөн манай хүүхдүүд тоглож байгаа биш энэ чинь нийтийн өмч болж байгаа, өөр олон айлын хүүхдүүд ирж тоглож байгаа. Иймд хүмүүс нэмэгдэж ирээд хамтарч хийгээсэй, хүүхдүүдийн эцэг эх нийлээд ядаж будгийг нь авч ирээд өөрсдөө сэргээгээд өгчихвөл гэж боддог.


-Хүүхдүүд сэтгэгдэл өндөр байна билээ. Танд хүсэлт, саналаа нэмж хэлж байна уу?

-Хүүхдүүд их хөөрхөн. Баярлалаа ахаа гээд их л сэтгэгдэл өндөр байж, байнга талархаж байгаад нь улам их урамшина. Ингэх тусам болгоод, бүтээгээд, хийгээд өгчих юмсан л гэж боддог. Ер нь хуурай ах нараасаа аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийх талаар суралцаж, даган дуурайдаг, өөртөө буулгаж авахыг хичээдэг байдал маань өнөөдрийн үүнийг хийхэд хүргэсэн байх. Сагсны шийд барьсан нь хүүхдүүдийг багаасаа өрсөлдөх чадвартай, зөв боловсон ялж, ялагдаж сураасай гэж хүссэндээ хийсэн. Энэ маань үр дүнгээ өгөөд ирээдүйн олон сайхан ёс зүйтэй тамирчид төрөн гараасай гэж битүүхэндээ хүсэж явдаг.


-Таны амьдралдаа баримталж явдаг зарчим?

-Аливаа ажлыг ялархаж хүлээж авдаггүй л байх хэрэгтэй. Хүн хичээх л юм бол бүтэхгүй зүйл байхгүй гэж өөртөө хэлдэг. Жишээлбэл би халаасандаа 250 мянган төгрөгтэй байшин эхэлсэн, 6 сарын дотор 100 м.кв байшингаа барьсан. Дайчин чанарыг өөртөө суулгаж, тууштай нэгэн байхыг хичээдэг. Ажлыг дутуу хийдэггүй, нэг зүйлийг барьж авбал чин сэтгэлээсээ заавал хийж дуусгаж байж сэтгэл ханамжтай байдаг. Иймдээ ч барилгын салбарт дажгүй нэр хүндтэй яваа болов уу гэж бодож байна.  


-Хүүхдүүд болон иргэдэд амьдарч буй орчиндоо хувь нэмэр оруулах байдлыг ямар байгаасай гэж бодож байна вэ?

-Энд ирээд тоглож байгаа хүүхдүүдэд хогоо битгий хаяарай, орчноо сайхан цэвэрлээд тоглоорой, заавал шороонд тоглох албагүй шүү дээ, том чулуу байвал түүгээд хашаа руу шахаад бөөгнүүлээрэй гэж хэлдэг. Магадгүй тээглэж унах, маргалдсан үедээ чулуу ашиглаж бие биедээ халдах зэрэг асуудал гарч магадгүй гэж урьдчилан сэргийлдэг. Харин иргэдийн хувьд амьдарч байгаа орчиндоо яг л гэртээ байгаа мэт цэвэр цэмцгэр, өөриймсөг байгаасай гэж хүсэж явдаг.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Холбоотой мэдээ