ХЭНТИЙ: Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-09 20:14:49
Чингис /МОНЦАМЭ/. Хан Хэнтий аймгийн 100 жилийн ой угтсан томоохон ажлуудын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн засварлаж байна.

Ажлын гүйцэтгэгчээр "Си Эйч Би Жи констракшн" ХХК, “Хангай илч дулаан” ХХК, "Идэр ширэгүй" ХХК, "Харгуй" ТӨК шалгаран гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар талбайд 160 гаруй хүн ажиллаж, гадна цахилгааны ажил, суудлын төмөр хийцийн ажил, газар шорооны тэгшилгээ, худаг гаргах, зам талбайн болон будгийн ажлууд хийж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн 600 шахам авто машины зогсоол, сурын талбай, шагайн асар, саравчны суурь, явган хүний зам, ариун цэврийн байгууламжаас бүрдэж байгаа юм.

Цэнгэлдэх хүрээлэнг дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгохоор зорьсон бөгөөд тохижилт, их засварын хүрээнд дээврийг бүрэн шинэчилж, 14 блок бүхий салангид сүүдрэвч шинээр хийж, төв индэр болон ариун цэврийн байгууламжтай байхаар төлөвлөжээ.

Мөн 5337 м.кв поликарбонат дээвэр, налуу хийцлэлтэй металлаар хийх юм. Барилга угсралт, засвар, зам талбай, ногоон байгууламжийн ажлуудыг долоодугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнд ГХБХБГ-ын хяналтын инженерийн баг өдөр тутам хяналт тавин ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ