Монголын ЭСЯ-наас ОХУ-д амьдардаг иргэддээ хандан сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-24 22:15:04
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад амьдардаг иргэддээ хандан сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргажээ.


Тус сэрэмжлүүлэг, зөвлөмжид, Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын “Вагнер хувийн цэргийн компани”-ийн үйл ажиллагаатай холбогдуулан ОХУ-д тогтворгүй байдал үүсгэх эрсдэлийг бий болгож байна.


Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний хороо мэдэгдэл хийж 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Москва, Воронеж, Ростов-на-Дону хотод терроризмын эсрэг тусгай ажиллагаа авч хэрэгжиж эхэлснийг зарлаж, олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаад байна.


Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч мөн өдөр мэдэгдэл хийж “Вагнер”-ийн үйл ажиллагааг эх орноосоо урвасан явдал хэмээн онцолж, үүнийг таслан зогсоох чиглэлээр бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.


Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам иргэддээ хандан сонор сэрэмжтэй байх, ОХУ-ын Белгород, Брянск, Воронеж, Краснодар, Липецк, Курск, Ростов, Орловск, Свердловск муж, мөн Москва, Санкт-Петербург зэрэг хот руу зайлшгүй шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг зөвлөж байна.


Шаардлагатай тохиолдолд шуурхай холбоо барих утасны дугаар:

  • Элчин сайдын яам: +74956906792
  • Консулын хэлтэс: +74992411548 гэжээ.
Холбоотой мэдээ