Сэлэнгийн Г.Ганбаяр Пушкаш академийн сонгон шалгаруулалтад тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-13 13:27:11

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Ганбаяр Унгарын алдарт Пушкаш академийн сонгон шалгаруулалтад тэнцжээ.

Тэрээр Италийн АС Милан багийн мэргэжилтнүүдийн сонгон шалгаруулалтад орж 201 хүүхдээс шалгарч буурал тивд 11 насандаа хөл тавьсан довтлогч. 128 жилийн түүхтэй “Barnet FC” болон Унгарын алдарт Пушкаш академийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 16 настай тоглогч. 13 настай AFC-ийн урьдчилсан шатны шалгаруулалтад Макаогийн эсрэг таван гоол хийсэн Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх анхны хөл бөмбөгч. “Хүрхрээ” үндэсний дээд лигийн галын шугаманд 15 насандаа хөл тавьж анхны гоолоо оруулан шуугиан тарьсан хамгийн залуу тоглогч гэсэн тодотголоор монголын хөл бөмбөгийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн юм. Энэ ч утгаараа Монголын хөлбөмбөгийн ирээдүйг насандаа баймгүй амжилтаар батлан харуулж буй хөлбөмбөгч гэсэн гуншинг аль хэдүйн хүрчихээд байгаа.

Сэлэнгийн дасгалжуулагч Т.Ганхуяг багшийн унаган шавь Г.Ганбаярын аав, ээж нь спортын хүмүүс гэдгээрээ онцлогтой. Ирээдүйтэй бяцхан хөл бөмбөгч маань анх энэ спортод 7 настайгаасаа тоглож эхэлсэн бөгөөд гуравхан жилийн дотор Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн гишүүн болжээ. Өнөөдөр Г.Ганбаяр 128 жилийн түүхтэй “Barnet FC” болон Унгарын алдарт Пушкаш академийн сонгон шалгаруулалтад нэгээр тэнцсэн байна. Түүнчлэн Ганбаяр хүүгийн амжилт үргэлжилж дээд лигт орсноосоо хойш 12 гоол хийсэн, 2013 онд Хонконгод болсон 14 насны AFC-ын урьдчилсан шатны шалгаруултад оролцож Макао улсын эсрэг тоглолтод долоон гоолоор Монголын баг хожиход нийт гоолын тавыг нь Г.Ганбаяр хийсэн гээд цуварсаар байгаа. Ирээдүйн нэрт хөлбөмбөгч хүү маань удахгүй Унгар орныг зорих гэж байна. Сэлэнгэ түмэн, анги хамт олон, сургууль нь авьяаслаг тамирчин хүүгээрээ бахархаж, амжилт хүсч байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ