Домогт теннисчин Билли Жин Кинг Холливудын Алдрын гудамжинд одтой болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-28 15:31:37

ХОБОКЕН. /The Spun/. Америкийн домогт теннисчин Билли Жин Кинг Калифорни муж улсын Лос-Анжелес хот дахь Холливудын Алдрын гудамжинд одтой болсон анхны эмэгтэй тамирчин болно. 


Холливудын Алдрын гудамжинд миний одыг байршуулах тухай мэдээг хүлээн аваад сэтгэл маш их догдолж байна. Өмнөд Калифорнид төрж өссөн миний мөрөөдөл биелж байна. Алдарт жүүжигчин Холли Хантерийн одыг нээх ёслолд оролцох азтай завшаан надад тохиож байлаа. Харин одоо түүнтэй болон Алдрын гудамжинд нэр нь мөнхөрсөн Холливудын бусад алдартнуудтай нэгдэх гэж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” гэж тэрбээр олон нийтийн сүлжээнд байрлуулсан дүрс бичлэгтээ хэлжээ. 


Алдрын гудамжинд Б.Кингийн одыг 2024 онд  байршуулна.


Өдгөө 80 настай Б.Кинг нь 1960-аад оны сүүлчээс эхлэн мэргэжлийн эмэгтэй теннисчдийн нэр хүндийг өргөхөд жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр карьерийнхаа туршид ганцаарчилсан болон хосын төрөлд 39 удаа түрүүлжээ. 


Дэлхийн теннисчид ирэх жил түүнд гүн хүндэтгэл үзүүлэх болно.


Холливудын Алдрын гудамж Лос-Анжелес хотын зүүн хойд хэсэгт байдаг ба уг алдрын гудамжийг байгуулах санаа анх 1953 онд төрж, анхны одыг жүжигчин Престон Фостерт зориулан 1958 оны 8 дугаар сарын 15-нд явган зам дээр суурилуулж байжээ. 

Холбоотой мэдээ