Хорт хавдрыг эрт илрүүлэх аппарат зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2016-09-13 15:04:32

ВАШИНГТОН. /AP/. Ердийн цусны шинжилгээгээр илэрдэггүй хорт хавдрын шинж тэмдгийг илрэхээс нь өмнө тодорхойлж чаддаг мэдрэгч аппаратыг эрдэмтэд амжилттай зохион бүтээжээ.

Суонси хотод болсон Их Британийн шинжлэх ухааны фестивалийн үеэр уг аппаратыг танилцуулсан байна. Эрдэмтэд энэ бүтээлээ "утаа мэдрэгчтэй" зүйрлэжээ. Учир нь энэхүү мэдрэгч аппарат нь хорт хавдрыг шууд илрүүлэхгүй боловч цусны улаан бөөмөнд гарч буй өөрчлөлтөөр хорт хавдар үүссэн эсэхийг мэдэрдэг ажээ.

Хорт хавдрыг эхний шатанд нь илрүүлнэ гэдэг бол түүнийг амжилттай эмчилэхэд хамгийн чухал хүчин зүйл юм.

Хэрэв биеийн нэг хэсэгт хавдар байвал үүнийг мэс заслын аргаар эмчлэх боломжтой байдаг. Харин хорт хавдар бусад эрхтнүүдэд тархсан тохиолдолд өвчтөн нас барах магадлал маш өндөр болдог байна.

Энэ мэдрэгч аппаратны үнэ нь ердөө 35 фунт стерлинг бөгөөд хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүсийг хянахад ашиглах ажээ. Судалгааг удирдсан профессор Гарет Женкинс “утаа мэдрэгч нь галыг мэдэрдгийн нэгэн адил энэхүү шинжилгээний аппарат бол “хорт хавдрын утаа мэдрэгч гэж хэлж болно” гэжээ.

Уг аппарат ямар нэгэн хорт хавдар үүссэн эсэхийг ямар нэг ил харагдахуйц шинж тэмдэг илрэхээс нь өмнө тогтоож чадна гэж Соунси их сургуулийн анагаах ухааны сургуулийн судлаачид ярьж байна.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ