ДУНДГОВЬ: ЭЕШ-д өндөр оноо авсан төгсөгчдийг 12,5 сая төгрөгөөр шагнаж урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-07-07 09:28:45
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Элсэлтийн ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан 21 төгсөгчийг 12,5 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.


Тодруулбал, Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан 4 төгсөгчид тус бүр 1,0 сая, 700-799 оноо авсан 17 төгсөгчид тус бүр 500,0 мянган төгрөг гардуулжээ.


Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын дарга асан, Дундговь аймгийн уугуул Ө.Шижир ирээдүйн залуу боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан 2 төгсөгчид сургалтын төлбөрийг нь төлөх эрхийн бичиг гардуулж, мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчин болоход нь дэмжлэг үзүүлэхээр боллоо.


Тус аймаг 2023 оныг “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын чанарыг ахиулж, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны үзүүлэлт, шалгалтад бэлтгэдэг арга барилыг сайжруулах, багш сурагчдыг чадавхжуулах зорилгоор Боловсролын Их Сургууль, Улаанбаатар хотын “Оюунлаг” сургууль, “Шинэ эрин” дээд сургуулийн багш нар болон туршлагатай ахмад багш нартай хамтран ажиллаж байна.


Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийн сурагчдыг ”Элсэлтийн ерөнхий шалгалт-800” цахим сайтад холбон, 363 төгсөгч 10 судлагдахуунаар цахимаар найман удаагийн, танхимаар хоёр удаагийн сорилгод хамрагджээ. Ийнхүү ажилласны үр дүнд Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дундаж дүнгээр тус аймаг 2022 онд 21 аймгаас 18 дугаарт орж байсан бол энэ жил 10 дугаарт жагссан амжилт гаргажээ. 









Холбоотой мэдээ