“PERN” компани: "Дружба" хоолойн гэмтлийг мягмар гараг гэхэд засаж дуусна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-07 15:12:37

ВАРШАВ. /Reuters/. Бямба гарагт Польшийн төв хэсэгт газрын тос алдагдсаныг илрүүлсний дараа Орос-Европыг холбосон "Дружба" хоолойгоор газрын тос шахахыг түр зогсоожээ.


Энэ талаар Польшийн PERN оператор компани мэдээлсэн бөгөөд уг хоолойг засварлах ажлыг мягмар гараг  гэхэд дуусгахаар төлөвлөж байна гэжээ.


Оросууд Украинд халдан довтолсноос хойш Оросын газрын тос, байгалийн хийн дамжуулах хоолой руу хэд хэдэн халдсан хэдий ч "Дружба" хоолойгоос газрын тос алдагдаж буй энэ тохиолдолд гуравдагч этгээд оролцсон гэх шинж тэмдэг алга хэмээн PERN компани мэдэгдсэн байна.


"Чодец хотын ойролцоох “Дружба шугамын баруун хэсгийн шугамын эвдэрсэн хэсэгт PERN компани засвар хийж  эхэлсэн. Энэ бол түүхий газрын тосыг баруун тийш тээвэрлэдэг гол шугам юм. Одоогоор газрын тос дамжуулах хоолойн засварын ажил хийгдэж байна. Мягмар гаргийн өглөө гэхэд газрын тос шахах ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна" гэж PERN” компани ням гаргийн өглөө мэдээлжээ.


Ослын газарт гал сөнөөгчид, PERN-ийн шуурхай албаныхан ажиллаж бөгөөд гал гарсан тухай мэдээлэл ирээгүй байна.


"Тос гоожиж буй хоолойн хэсгийг бусад хэсгээс тасалсан ба 30х210 метрийн хэмжээтэй тэгш өнцөгт талбайд газрын тос нэвчээд байна" гэж Влоклавек дахь гал түймэртэй тэмцэх албаны ажилтан Гжегорз Янковский ТВN24 телевизээр мэдээлжээ.


PERN-ийн мэдээлснээр, хоёр дахь шугам хэвийн ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн иргэдэд ямар нэгэн аюул учрахгүй ажээ.


Энэ удаагийн эвдрэл нь Польшийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нийлүүлэлтэд нөлөөлөөгүй бөгөөд хоолойгоор газрын тос хүлээн авдаг Германы түншүүдтэй холбоотой ажиллаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Герман улс Оросын нефтийг худалдан авахаа зогсоосон боловч уг хоолойгоор Казахстаны газрын тосыг нийлүүлж байгаа тухай Германы хэвлэлүүдэд бичиж байсан юм. Энэ тухайд Германы түлш, эрчим хүчний салбарын холбоо ямар нэгэн тайлбар өгсөнгүй.


Дружба бол дэлхий дээрх хамгийн том газрын тос дамжуулах хоолойнуудын нэг бөгөөд өдөрт 2 сая торх нефть дамжуулах хүчин чадалтай бол Польшийн төв нутгаас Герман руу газрын тос зөөвөрлөдөг хоёр шугамын баруун хэсэг нь жилд 27 сая тонн түүхий нефть дамжуулдаг байна.


Оросууд Украинд халдан довтолсноос хойш "Дружба" хоолойн дэд бүтэц хэд хэдэн удаагийн халдлагад өртөж, уг хоолойгоор дамжуулах газрын тосны хэмжээ эрс багасжээ.




Холбоотой мэдээ