Төмөр замчид баяраа Замын-Үүд-Эрээний ачаа, тээврийг 10 сая тоннд хүргэсэн дээд амжилтаар угтав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-08-07 16:40:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 85 жил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 74 жилийн ой энэ онд тохиож байна.


Төмөр замчдын мэргэжлийн баяраар дээрх ойнуудыг тэмдэглэлээ. Ойн наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонхор зөрлөгийн “Хөлийн голын тохой” хэмээх газар боллоо.


Баяр наадмын нээлтэд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр зэрэг албаны хүмүүс болон үе үеийн төмөр замчид оролцож, урлаг, соёлын алдартнууд уран бүтээлээ толилуулав.


ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн түүхэн үеийг эргэн дурсахын сацуу өдгөө “МТЗ” ТӨХК, “Тавантолгой төмөр зам, “БТЕГ” ХХК зэрэг төр хувийн хэвшлийн компаниуд байгуулагдаж, олон олон амжилтаар дүүрэн түүхэн ойтой золгож байгааг онцлоод нийт төмөр замчдадаа халуун баяр хүргэж, дараа дараагийн их бүтээн байгуулалтад нь өндөр амжилт хүсэв.


Баяр наадмын хүрээнд үндэсний сур, шагайн харваа, хүчит 64 бөхийн барилдаан болж, төмөр замчдын мэргэжлийн ур чадварыг харуулсан үзүүлбэр, дэлхийн түвшинд хүрсэн гагнуурын үзүүлбэр зэрэг сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.


Монголын төмөр замчид Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг Эрээн-Замын-Үүдийн төмөр замын боомтын ачаа, тээвэрлэлтийн хэмжээг 10 сая тоннд хүргэсэн дээд амжилтаар мэргэжлийн баяр, Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 85 жил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 74 жилийн ойгоо угтлаа.

Холбоотой мэдээ