БАЯН-ӨЛГИЙ: Иргэн Б.Лазатхан хашаандаа 12 төрлийн жимсний мод ургуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-21 10:49:00

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Б.Лазатхан хашаандаа 12 төрлийн 80 гаруй ширхэг жимсний мод тарьж ургуулж байна.


Тэднийх 2006 оноос мод тарьж эхэлжээ. Анхандаа бургас, чацаргана, гацуур, хуш мод тарьсан бол дараа нь хөрш зэргэлдээ ОХУ болон Улаанбаатар хот, Хөвсгөл, Увс аймгуудаас жимс, гоёлын модны суулгац захиалгаар авч суулгажээ. Эрс тэс уур амьсгалтай, зуны улирал богино Баян-Өлгий аймагт жимс, гоёлын модыг хэрхэн тарьж, арчлан тордохыг янз бүрийн байдлаар туршиж, хөдөлмөрлөсний үр дүнд тарьсан чацаргана, алим, монос, чавга, үхрийн нүд, улаан үхрийн нүд, тошлой, ранетка, гүйлс, бүйлс, чангаанз зэрэг 12 төрлийн жимсний модноос 9 нь жимс өгч байгаа аж.


Иргэн Б.Лазатхан зөвхөн жимс, гоёлын мод тариад зогсохгүй Монгол Улсын Улаан номонд орсон нэн ховор ургамлын төрөл, зүйл болох Алтайн зэрлэг сармисыг хашаандаа үрээр нь тарьж ургуулж байгаа. Мөн тухайн ховор ургамлын үрсэлгээг нь хийж тус аймгийн Алтай сумын Ёлт хэмээх газарт тарьж, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны ажилтнуудад хүлээлгэж өгч байжээ.


  

Түүний хэлснээр Баян-Өлгий аймагт жимсний мод тариалахад хаврын улирал хүйтэн, удаан хугацаанд үргэлжилдэг, хэт хуурай агаартай, хар шорооны олдоц муу байдаг нь хүндрэл учруулдаг байна. Тиймээс хашаандаа гурван газарт гүн нүх ухаж тэндээ намрын улиралд шарласан навч, өвс, малын бууц, төмс, хүнсний ногооны хальс зэргийг элстэй хольж булан ялзмаг бэлтгэж, хар шорооны асуудлыг шийддэг ажээ. Харин цаг агаар хүйтэрсэн үед жимсний моднуудыг ороож хучин хүйтэнд цохиулахаас хамгаалж байвал ямар ч төрлийн жимсийг орон нутагт ургуулж болно гэдгийг тэрээр хэлж байна.

    







Холбоотой мэдээ