Хотын дарга Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрийн хэрэгжилтээ тайлагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа.
Тэрбээр, “Гурван
суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрийг
хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарсан. Улаанбаатар хотын багц хуулийг
боловсруулж, газрын тухай хууль, барилгын тухай хууль, усны тухай хууль, авто
тээврийн тухай хууль, эрчим хүчний тухай хууль, тусгай хамгаалалттай газар
нутгийн тухай хууль, улсын бүртгэлийн ерөнхий хуулийг цогц байдлаар нь баталж
чадвал эдийн засаг хийгээд засаглалын хувьд цэгцрэх боломж бүрдэнэ. Нийслэлийн
харьяа 123 байгууллагад 48 мянган албан хаагч ажиллаж байна. Өнөөдрийн танилцуулсан дөрвөн зорилт,
зургаан бүлгийн 86 шалгуур үзүүлэлтийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийг нэг
чигт харуулах боломжтой” хэмээсэн юм.
Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглал хөтөлбөр 40 гаруй хувьтай хэрэгжиж байгаа. Эрх зүйн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүдийн дэмжлэгтэйгээр нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Мөн Засгийн газар 2021 оны өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг анх удаа цогцоор нь хэлэлцээд, түгжрэлийг шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг үлдээх шийдвэр гаргасан юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв үйл ажиллагаа явуулж, гадаад, дотоодын эрдэмтдийн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэр гаргаж байгааг Хотын дарга онцоллоо.