ӨВӨРХАНГАЙ: "Нүүдэлчин" наадмаар Биет бус өвийн 7 айгаар Төв халхын өв соёлыг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-08-23 14:13:45

Арвайхээр /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд Өвөрхангай аймаг Биет бус өвийн 7 айгаар Төв халхын өв соёлыг сурталчлан оролцлоо.


Тухайлбал, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн, түүх, соёлын хосгүй дурсгал болох 21 Дара эхийг Хүндэтгэлийн өргөөнөө байршуулан олноо сурталчилсан бол Чингис хааны үеэс бий болж, XVII зуунд Занабазар хөгжүүлэн дэлгэрүүлсэн Гүүний үрс гаргах ёслол, зан үйлийг язгуур заншлынх нь дагуу үйлдлээ. Түүхнээ анхны гүүний саалийг Чингис хааны шадар баатар Боорчи саасан тул эрэгтэй хүнээр энэ үйлийг хийлгэдэг уламжлал тогтжээ.


Түүнчлэн отгийн таван гэр буюу Уянга нутгийн цоохорлох урлалыг сурталчлан танилцууллаа. Учир нь Өвөрхангай аймаг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 2009 онд Монгол гэрийн үйлдвэрлэлийн уламжлалт аргачлалыг бүртгүүлсэн билээ.


Нүүдэлчид хэзээнээсээ найм, арван ханатай том гэрээр нүүдэллэдэггүй байсан уламжлалыг бэлгэдэн Өвөрхангай аймгийн гэрүүд цомхон, агуулга өргөн байлгахыг хичээсэн. Бага гэр, Банаг гэж бидний нэрийддэг иж бүрэн цоохор тавилгатай гэрээр Ц.Батнасан урлаач оролцлоо. Тус гэрт арьс ширэн урлалаас гадна эсгий урлалыг өндөр түвшинд хөгжүүлсэн Н.Болормаа урлаачийн бүтээлүүд, түүний урлаж хийсэн “Тамгагүй төр” жүжгийн жүжигчдийн гутал, хувцсыг байршуулан дэлгэсэн” хэмээн аймгийн СУГ-ын Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам хэлэв.


Мөн хөхүүрийн айраг исгэх уламжлалт технологийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Шилдэг өвлөн уламжлагч, МУСТА Д.Гүндэгмаа айрагны соёл, гүүний үр сүү гаргах ёсон, арьс нэхий элдэж, хурга эгнэх, адуу маллах арга ухааныг хүү С.Баянжаргалын хамт түгээн дэлгэрүүллээ. Тэрбээр өөрийн гараар, уламжлалт аргаар урласан 80 литрийн багтаамж бүхий хөхүүрийг Соёлын яамандаа бэлэглэсэн юм.


Л.Манлайбадрах тэргүүнтэй, шүтээн урлаач Н.Буянбадрах гүйцэтгэх захиралтай Барт хүрээ ТББ-аас 280 жилийн түүхтэй “Арвайн барт хүрээ”-ний барын урлалын түүхийг харуулсан үзэсгэлэн, өөрсдийн сийлж бүтээсэн модон болон хулдаасан барын үйлдвэрлэл, барлах урлагийн уламжлалт технологийг харуулсан нь отгийн бас нэг онцлог байлаа.


Өвлөн уламжлагч Н.Отгонбанди суран урлалын бүтээлээрээ, монгол зургаар урлаач Н.Буянбадрах өргөн нь 1 метр, 1.7 м-ийн урттай Өндөр Гэгээний хөрөг”-өөрөө, Арвайхээр сумын ЕБС-ийн өвлөн уламжлагч багш нар өөрсдийн бүтээлээр тус тус оролцож, наадамчин олны мэлмийг баясгав.


Хархорин сумын Эрдэнэсийн хүрээ ТББ-ын тэргүүн, калиграфич С.Тамир Уран бичлэгийн музей”-г нээж, гурван өдрийн турш 400 орчим хүнд калиграфийн соёлыг сурталчлан танилцуулжээ.


Наадмын үеэр Өвөрхангай аймгийн отогт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан нар зочилж, Эрдэнэ-Зуу цам, Гүүний үр сүү гаргах зан үйл,  зураач, урлаачдын үзэсгэлэн зэргийг үзэж сонирхсон байна.


Наадмын Гала тоглолтод уртын дуучин Н.Цэцэгсүрэн, М.Дүгэрсүрэн, морин хуурч Б.Моёосүрэн нар уригдан оролцсон бол өдгөө 81 нас сүүдрийг зооглон буй Шарга нутгийн уртын дуучин, хоолойн лимбэчин Р.Цэрэндэгд Соёлын сайдын хүндэтгэл, шагналыг хүлээн авч, наадмын шилдэг оролцогч Н.Буянбадрах Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг хүртлээ.


“Нүүдэлчин” наадмаар Өвөрхангайн урлан бүтээгчид 3 сая төгрөгийн үнэ бүхий соёл, урлалын бүтээлийг наадамчдад худалдан борлуулсан байна. 





Холбоотой мэдээ