ӨВӨРХАНГАЙ: Р.Цэрэндэгд: Хоолойн лимбэ орхиж боломгүй өв учраас 70 насыг нэлээн давсан хойноо сурсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-08-29 15:53:35

Арвайхээр /МОНЦАМЭ/. Зөвхөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд дуулагдаж ирсэн хуучны, өвөрмөц аялгатай уртын дууг хоолойн лимбэтэй хослуулан хөгжүүлж, өвлүүлж яваа “Шаргын дуучин” хэмээх МУСТА Р.Цэрэндэгдтэй ярилцлаа.


Язгуур урлагийн наадам, улсын чанартай уралдаанаас удаа дараа эхний байруудад шалгарч, урлаг судлаачдын сонирхлыг зүй ёсоор татаж ирсэн алдарт дуучин маань нас сүүдэр өндөр болсон ч ардын их өв соёлоо мартагдуулахгүйн төлөө хичээн зүтгэсээр явна. 


-     Та хэзээнээс уртын дуу дуулж эхэлсэн бэ? Таныг “Шаргын дуучин” хэмээдэг нь ямар учиртай юм бол?

-     Эгч нь 1962 оноос хойш 61 дэх жилдээ уртын дуу дуулж, мөн залуу хойч үедээ өвлүүлэхийн төлөө хичээн зүтгэж явна.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Шарга” бригадын уугуул хүн. Манай Шаргын багт уртын дуу дуулахгүй хүн гэж ховор. Би өөрийнхөө хэмжээнд судалгаа хийж үзэхэд Нарийнтээлээс 200 гаруй уртын дууч төрөн гарсны 180 нь Шаргын бригадын уугуул хүмүүс байна.


Гэвч энэ сайхан нутагт эцэг өвгөдийн үеэс дуулагдаж ирсэн зарим дуу мартагдаад байгаа учраас тэдгээрийг бүдгэрүүлэхгүй, өвлүүлж үлдээх нь миний гол хүсэл байгаа юм. Нарийнтээл суманд “Шаргын шуранхай” гээд өөрийн нэрэмжит уралдааныг хоёр удаа зохион байгуулж, үүндээ зориулан “Удам залгасан уртын дууч” хэмээх дурсамжийн номоо бичсэн. Номондоо Сайн ноён хан аймгийн Ханхөгшин хошууны болон Шарга нутгийн хуучны дуунуудыг түүвэрлэн оруулж, бас өөрийн шавь нартаа заан сургаж байна.


-    Уртын дуучид ихэвчлэн хонины бэлчээрээс төрөн гарсан байдаг шүү дээ. Ураг, удмынхаа дуулах их авьяасыг  өвлөсөн байдаг. Таны хувьд...? 

-    Шээзгий үүрч аргал түүж, шилбүүр барьж хурга, ишиг хариулж ирсэн цагаасаа дуулсан даа. Хөдөө хээр мал явахдаа байнга дуулна. Дээр үед одоогийнх шиг олон төрлийн хөгжим байсангүй. Гуулин хуур, хулсан хуур, цуур гээд байгалийн мод, ургамлаар хийсэн “амьд хөгжим” хэрэглэдэг байлаа. Цахилдагийг гурав зүсч, дундахыг нь зангидаж байгаад л дуулдаг байсан сан.


Би удмынхаа дөрөв дэх үеийн дуучин. Эмэг эх маань сайхан хоолойтой, уртын дууг их гоё дуулдаг хүн байсан. Лхамдэгдийг гадаа дуулж байхад гэрт байгаа тогоо хангинадаг гэж айлын хүмүүс нь ярьдаг байж билээ. Миний ижий ч ардын дуу, уртын дууг маш сайхан дуулна, сонсгол их сайтай хүн байлаа. Тэр үеийн улс чинь аргал түүж, хонь хариулж явахдаа л дуулж байсан болохоос урлагийн байгууллага гэж байсангүй. Найр наадам ч гэж их болдоггүй. Хааяа найр болоход эрчүүд нь явна. Тэгээд ч тэр үеийн найр ёс дэглэм сайтай, одоогийнх шиг ингэж хавтгайрдаггүй байсан. Тэгэхээр дуулах газар нь хонины бэлчээр л болж байгаа юм.


Би анх 1962 онд тайзан дээр гарч байсан. Хормой чичрээд л их сандарч байсан санагддаг юм. Миний ээж их уран хүн байлаа. Ээжийнхээ хийж өгсөн дээлийг өмсөөд одооныхтой адил үед шүр, сувд байсан биш төмөр, юухэн хээхнээр гоёчихоод гарч байж билээ. Сумын төвд наадмаар дуулах гээд очихоороо 70 кг гурилын шуудайг нугалж оёод нэг талд нь хүнсээ, нөгөө талд нь урлагийн хувцсаа хийгээд морьтой явна. Авга ах маань надад нэг цүнх өгөөд сумандаа анхны цүнхийг бараг би л барьж байсан байх. Гэхдээ цүнхээ шуудайндаа хийгээд аваад явдаг байсан.


-    Та сүүлийн үед уртын дууг хоолойн лимбэтэй хослуулан хөгжүүлж байна уу?

-    Бидний өвөг дээдэс хөгжим зэмсэггүй байхдаа хоолойгоороо хөгжим хийдэг байж. Энэ бол мартаж болшгүй маш ховор өв соёл. Одоогоос 40 жилийн өмнө 1983 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Цэрэннадмид гэж хүн хоолойн лимбээр Ардын язгуур урлагийн анхны уралдаанаас алтан медаль хүртэж байсан юм. Монгол Улсын түүхэнд урлагийн байгууллагад ч, ардын авьяастнуудын дунд ч тэр хүнээс өөр хоолойн лимбэчин байгаагүй.


Цэрэннадмид гуай олон ч удаа уралдаан, тэмцээнд орж, Төв Халхын хоолойн лимбийг Өвөрхангай аймгаас хөгжүүлж ирсэн. Гэтэл өвгөнөөс өвлөж авсан хүн байдаггүй. Би хүүхдүүдтэй нь ярьсан л даа. Энэ их харамсалтай санагдаад, орхиж боломгүй өв учраас 2018 онд 70 насыг нэлээн давсан хойноо сурч эхэлсэн.


2018 оноос уртын дуутайгаа хамт авч явж байна. Дөрвөн удаа “Нүүдэлчин” соёл, урлагийн наадамд уртын дуутайгаа хослуулан лимбэдэж, олонд сонордууллаа.


-     Тэгэхээр та хоолойн лимбийг нас нэлээн өндөр болсон хойноо сурчээ?

-     Манай нагац ах хоолойн лимбэ гээд дуугаргаад байдаг байсан юм. Залуу байсан болохоор ховор өв гэдгийг мэддэггүй, тоодоггүй байж. Би хоёр ихэр ачтай, тэр хоёрыгоо өсгөлцөж авч байхдаа уйлсан үед нь дуугуй болгох гээд янз бүрээр дуугарна, дуулна.


Ачыгаа бүүвэйлээд дуу гунганаад сууж байтал гэнэт Цэрэннадмид гуай, нагац ах хоёрын дуугаргадаг байсан хоолойн лимбэ ороод ирэхгүй юу. Дахин дахин дуугарч үзтэл болмоор юм шиг... Тэгээд сурч эхэлсэн. Залуугаасаа оролдох минь яав гэж боддог.


2019 онд азийн орнуудын Ардын урлагийн наадам гэж болоход Хөвсгөл, Өмнөговь аймгаас нэг, нэг хоолойн лимбэчин ирсэн байсан. Хөвсгөлийнх манайхаас тэс өөр. Өндөр өндөр уул, хяртай газруудын дуу нь хүртэл шал өөр байдаг юм ш дээ. Огцом, часхийсэн авиатай байдаг.


-     Та одоо нас сүүдэр хэд хүрч байна вэ?

-     Одоо 80 насны өөд авирч байна.


-    Өдий насанд уртын дуу дуулж, хоолойн лимбэ эгшиглүүлнэ гэдэг гайхалтай юм. Жинхэнэ авьяас, чадвар гэж үүнийг л хэлэх байх.

-    Одоо шүд муудаж байна. Сая исгэрээ ерөөсөө гарсангүй. Шүд, уруул, тагнай сайн байж исгэрээ гарна. Би маш сайн исгэрдэг байсан. Нэг шүд эмтэрчихээд янзлуулсан чинь лимбэдэхэд их эвгүй байлаа.


-     Та бараг 32 цагаан шүдтэйгээ байна. Бүгд өөрийнх үү?

-     Өөрийнх. Одоо л зай гараад байна. Уртын дуу дуулдаг хүн биеэ эрүүл байлгах, шүдээ бүрэн байлгах ёстой. Уртын дуу, бүжиг маш их ачаалалтай байдаг. Тиймдээ ч 20 жил ажиллуулаад тэтгэвэрт гаргачихдаг юм.

Би уртын дуу дууг 61 жил дуулсантай адил сонгуульт ажлыг ч 61 жил хийж байна. Анх мал малладаг байхдаа суурийн хүмүүжүүлэгч хийж, сонин уншлаганд хүмүүсийг хамруулдаг, мэдээ түгээдэг байлаа. Одоо багийнхаа Ахмадын зөвлөлийн даргаар 10 гаруй жил, өрхийн Эрүүл мэндийн төвийн идэвхтэнээр 23 жил ажиллаж байна. Хүмүүст эрүүл мэндийн зөвлөгөө өгч яваа хүн чинь өөрийнхөө эрүүл мэндийг анхаарч явахгүй бол болохгүй биз дээ. Олон нийтийн ажил гэдэг чинь цалин мөнгөгүй, сайн дураараа л хийдэг ажил шүү дээ. Одоо яахав, олон нийтийн тусын төлөө юм даа.


-     Өөрийн авьяас чадварыг залуу хойш үедээ өвлүүлэх нь миний хүсэл гэж та түрүүн хэллээ. Хэдэн шавьтай вэ. Сайн шавь төрөх нь үү?

-    Уг нь би номын санч мэргэжилтэй хүн л дээ. 30 гаруй жил соёл, урлагийн үйлчилгээний байгууллагад ажилласан. Уртын дуу бүдгэрсэн, хааяа найран дээр согтуу өвгөн дуулахаас өөрөөр сонсогдохоо байсан тэр үед Номын сангийнхаа дэргэд уртын дууны дугуйлан ажиллуулж, нэлээн олон хүүхэд уртын дуу мартаж болохгүй өв соёл гэдгийг ойлгож авсан. Монголын ард түмний энэ их өв соёлыг таслахгүй юмсан гэж бодож, одоо ч хувь нэмрээ оруулж явна.


300 орчим хүүхдэд уртын дуу, хоолойн лимбэ заалаа. Би сургалт явуулахдаа ямар ч төлбөр авдаггүй. Биднийг “нутаг буцах”-аас өмнө энэ өв соёлыг хүүхэд, залуус маань өвлөж авч л байвал баярлаж, “Та нар сайн л сураарай” л гэж захидаг юм. Манай ахмадууд ойрын хэдэн жил сүрхий “нутаг буцаж” байна шүү.


-     Хоолойн лимбээ өвлүүлж чадах нь уу?

-   СУИС-д Өвөрмонголоос суралцаж байгаа нэг оюутан хоолойн лимбэ сурмаар байна гэх хүсэлт тавьсан байна лээ. Өвөрхангайдаа өвлүүлж чадахгүй байгаа энэ их өвийг Өвөрмонголд зааж сургаад байх нь хаашаа ч юм гэж бодогдоод жаахан байзнаж байя гэж хэлсэн. Тасарч байгаа өв болохоор уг санаандаа харамлаад байгаа юмуу, өөрийн нутаг орны хүүхдүүддээ өвлүүлчих санаатай олон ч хүүхдэд хүсэлт тавьж байна. Одоогоор гарч өгөхгүй л байна. Миний ах, дүү нар голдуу дуучин улс байдаг. Тэд нарынхаа хүүхдүүдэд ч их хэлэх юм.


Хоолойн лимбэ гэж хэл, хоолой, тагнай гээд энүүхэн хавиасаа дуу гаргадаг, хоолойнд маш их ачаалал өгдөг, шүд, хоолойндоо сэвтэй хүн бол чадахааргүй зүйл л дээ. Одооны хүүхдүүд шүдний өвчлөл ихтэй, бүрэн шүдтэй хүүхэд алга. Ганц, хоёр шавьтай болчих юмсан гэхээр ерөөсөө гарч өгөхгүй байна. Хоолойн лимбээ ийш тийш булаалгачихвал морин хуураа ЮНЕСКО-д бүртгүүлэхдээ хуваалцсан шиг юм болно гэх битүүхэн айдас байдаг.


    - Уртын дууч бүрийг өөрийн гэсэн аялгатай байдаг гэж ярьж, дүгнэдэг шүү дээ. Таны хувьд?

-    -Уртын дуу гэдэг бол амьсгааны урлаг юм. Амьсгаа сайн авч, амьсгал сайтай байж дуулна. Мөн хоолойн цохилго, цээжний цохилго, түнхний цохилго, чичиргээ, бөмбөлзүүр, шуранхай гээд чимэглэл ихтэйгээс гадна хоолойн чадал, техникийг их шаарддаг.


Түүнээс гадна нутаг, нутгийн аялгуу өөрийн онцлогтой байдаг. Шарга нутгийн дуунууд бол нутгийн аялгатай. Яагаад гэхээр Ханхөгшиний хошуунд дээхнэ үеийн богтлогдсон эмэгтэйчүүдийн дундаас дуу их төрж байсан. Өөрийн хайр сэтгэлтэй хүнтэйгээ сууж чадахгүй баян, хөгшин ноёнд хүчээр сүй тавиад гэрлүүлдэг байсантай холбоотойгоор сэтгэлийн шаналлаа дуугаар илэрхийлдэг байсан нь өнөөг хүртэл ам дамжин дуулагдсаар ирсэн байдаг. “Соёг бор”, “Улаан торгон дээл”, "Бөөн цагаан үүл” гээд олон дуу бий дээ.


Өлийн даваагаар давахад

Өндгөн шаргаараа туулна даа

Өөрийн дураараа болоосой доо

Өнжүүт хонуутаар уулзах юмсан / “Өлийн даваа” хэмээх дууг дуулав/


Миний хувьд Шарга нутгийн дуугаа сэргээн дуулдаг болохоор нутгийн аялга байгаа.

1983 онд Ардын язгуур урлагийн их наадмын үеэр хуучны мартагдсан дууг нутаг, нутгийнхаа аялгаар сэргээн дуулах нь зөв болохыг урлаг судлаач Ж.Бадраа гуай гаргаж ирсэн юм. Түүнээс өмнө Н.Норовбанзад гуай шиг л дуулж байвал зөв гэдэг байсан үзлийг ингэж өөрчилснөөр нутаг, нутгийн өнгө аястай дуунууд ихээр гарч ирсэн дээ.


-  Өв соёлоо таслахгүйн төлөө хичээн зүтгэж яваа танд баярлалаа. Эрүүл энхийг, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

Холбоотой мэдээ