ӨВӨРХАНГАЙ: Хархорин сумын эмнэлгийнхэн эко орчинд амьдрах аян өрнүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Өвөрхангай аймгаас зарласан “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олон “Өрх бүр хашаандаа мод тарьцгаая” аяныг өрнүүлж, алба хаагч бүр амьдрах орчноо сайжруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна.
Тус эмнэлгийн статистикч С.Оюунцэцэг анх 2020 оноос дөрвөн бүл зөгийг Сэлэнгэ аймгаас авчран зөгийн аж ахуйг эрхэлж эхэлсэн бөгөөд одоо 10 бүл зөгийг үржүүлж байна. Түүний зэрэгцээ 20-иод төрлийн цэцэг, чацаргана, үхрийн нүд, алим зэрэг жимсний мод, гацуур зэргийг хашаандаа тарин амьдрах орчноо тохижуулжээ.
Уламжлалтын тасгийн эмч И.Жаргалсайхан гэр бүлийн хамтаар хүлэмжийн аж ахуй эрхэлж, өргөст хэмх, улаан лооль, юуцай, бууцай, чинжүү, салатны навч зэрэг нарийн ногоог тарьж ургуулсан ба 500 кг орчим улаан лооль хураан авч, химийн бордоогүй, цэвэр органик хүнсний ногоогоор сумынхаа айл өрхүүдийг хангаж байна.
Мөн халдвартын тасгийн сувилагч Л.Баясгалан өөрийн хашаандаа үхрийн нүд, мойл, тошлой, алимын мод, нохойн хошуу, интоор, улаалзгана, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг 10 гаруй нэр төрлийн нийт 62 ширхэг мод тарьж ургуулсан бол сувилахуйн албаны дарга Ж.Батжаргал шар хуайс, нарс, бургас, хайлаас, гацуур модыг тарихын зэрэгцээ үхрийн нүд, улаалзгана, бөөрөлзгөнө, нохойн хошуу, тэхийн шээг зэрэг жимсний болон эмийн ургамлын мод, бутаар хашаагаа тохижуулан органик жимсээр гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж байгаа аж.
Нэгдсэн эмнэлгийн цахилгаанчин, сантехникч Х.Ганзориг чацаргана, үхрийн нүд, тэхийн шээг, бөөрөлзгөнө, улаалзгана, нохойн хошуу, бургас, хайлаас, агч мод зэрэг 10 гаруй нэр төрлийн нийт 108 мод тарьж, жилдээ 100 орчим кг жимс, жимсгэнэ авдаг байна.
Дотрын тасгийн сувилагч О.Ичинхорлоо гэр бүлээрээ хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхэлж, өргөст хэмх, улаан лооль, хаш, юуцай бууцай, яншуй, брокли байцаа, лууван, сонгино тарьж ургуулдаг бол үйлчилгээний албаны ажилтан Г.Энхжаргал жимсний мод бут тарьж ургуулахын хамт хүүхдийн тоглоомын талбай, савлуур, сүүдрэвч зэргээр хашаагаа тохижуулж, үйлчилгээний албаны ажилтан Г.Өлзийтөгс 63 жимсний болон гоёлын мод бут тарин хиймэл нуур байгуулжээ.
Тэгвэл тооцооны нягтлан Ш.Нарангэрэл нь 2018 оноос эхлэн таван төрлийн нарийн ногоо, зургаан төрлийн хүнсний ногоо, 12 төрлийн мод бут тариалж, жил бүр нэр төрлийг нэмэгдүүлдэг бол төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эх баригч Н.Тогоодорж 10 гаруй нэр төрлийн 21 мод, жимс жимсгэнэ тарьж ургуулсан, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн жолооч Д.Очирпүрэв төмс, лууван, сонгино, өргөст хэмх, байцаа зэрэг 5 нэр төрлийн хүнсний ногоог хүлэмжид болон задгай талбайд тариалсан зэрэг амжилтаар гэр бүлийнхээ хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ амьдрах орчноо эрүүл, эко болгон тохижуулсан байна.