АРХАНГАЙ: Хөшөө цайдмын музейд тавтай морилно уу

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-09-07 15:46:45

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багт Хөшөө цайдмын музей бий. 


Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 32-р тоот тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хөшөө цайдам музейг байгуулсан.


1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев Орхон голын хөндийд орших аварга том хөшөөдийг нутгийн ардын тусламжтайгаар илрүүлэн олж, олон орны эрдэмтдийн сонорт хүргэжээ.


/Билгэ хаан болон Культегин жанжны гэрэлт хөшөө/


1997-2007 онд Монгол Туркийн хамтарсан “Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах сэргээн засварлах” төслийн үр дүнд Монгол орны төв нутагт буй VIII зууны Түрэг улсын алдар цуут хаад, язгууртны дурсгал болох Билгэ хаан, Культегин жанжны тахилын онгонуудыг судлан шинжлэх хайгуул малтлагын явцад алт, мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй зүйл бүртгэгджээ.


/Хөх Түрэгийн алтан титэм/


Дээрх олдворууд нь 30см зузаан, 40х80 см талбайд хоорондоо сул хөрс бараг байхгүй, дээр дээрээсээ зайгүй давхралдсан байдалтай байв.




Мөн 9 ширхэг хүн чулуу, мэлхий чулуу 2 ширхэг, чулуун арслан 1 ширхэг, чулуун хонь 5 ширхэг, гэрэлт хөшөө 2 ширхэг зэрэг эртний олдворуудыг малтан гаргасан байдаг.



Музейд байрлах хөшөө үзмэрүүд нь ихэвчлэн толгойгүй байх ба Түрэгийн дараа оршин тогтож байсан Уйгарууд хөшөөний толгойг тас цавчиж, өөрсдийн эзэрхийлэл тогтсоныг зарлаж байсан гэж тайлбарласан. Мөн энэ үзмэрт зөвхөн Билгэ хааны толгой хэмээх саланги толгой байх ба бусад нь толгойгүй эх биен хөшөө байдаг.