ХОВД: Цайны зам өв соёлын наадам энэ сарын 25-28-ны өдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-13 12:24:43

Жаргалант /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгосон. Үүнтэй холбогдуулан “Жангар” цайны зам өв соёлын наадмыг 2023 оны 9 дүгээр сарын 25-28-ны өдөр Ховд аймагт зохион байгуулна.  


Тус наадмын хүрээнд олон угсаатны өв соёлын талаарх эрдэм шинжилгээний бага хурал, тууль хайлах хүндэтгэлийн үйл ажиллагаа, цай чанах үзүүлбэр, үйлчилгээ, уртын дууны уралдаан, "Монгол нүүдэл" өв соёлын үзүүлбэр, “Тэмээн жин” аялал жуулчлалын үзүүлбэр, Тарвасын баяр, “Ховдод үйлдвэрлэв” соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн зэргийг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулах юм.

Тус наадмын зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ болон бусад мэргэжлийн байгууллага хамтран ажиллана. Наадмын өдрүүдэд үндэсний дээл хувцас, эдлэл хэрэглэлээр гоёж, өв соёлоо эрхэмлэн өргөнөөр оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа. 

Эртний түүхт цайны соёлыг түгээн дэлгэрүүлэгч, олон угсаатны ахуй байдлыг гэрчлэгч, соёлын биет болон биет бус өв, язгуур урлагийг зангидсан Цайны зам өв соёлын наадмыг Ховд аймаг өмнө нь гурван удаа зохион байгуулсан. Тус наадмыг жилд дунджаар 5-6 мянган хүн үзэж сонирхож байжээ.


Олон угсаатны уламжлалт цай, цайны соёл нь нүүдэлчдийн их өвийн нэг юм. Иймээс цайны соёл, угсаатны соёлын биет болон биет бус өв, язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий Цайны зам өв соёлын наадамд тавтай морилоорой. 2023 онд тус наадмыг "Жангар" хэмээх нэрийн дор зангидсанаараа онцлогтой.

Холбоотой мэдээ