ХӨВСГӨЛ: Органик мал аж ахуйтай аймаг болох зорилт дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-15 11:43:01

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газраас органик мал аж ахуй эрхлэгчид, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, экспортлогчид, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор  “Органик мах Хөвсгөл-2023” өдөрлөгийг зохион байгуулж байна.



Энэ үеэр Органик мал аж ахуйн баталгаажуулалт ба мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломжууд хэлэлцүүлэг болов.


Хөвсгөл аймаг 21914 малчин, мал бүхий өрх 6,2 сая толгой мал тоолуулж улсдаа малын тоогоор тэргүүлсээр байгаа төдийгүй хамгийн олон үүлдэр, омгийн малтай.


Засгийн газраас “Малын эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах зорилгоор хилийн боомтуудыг түшиглэн Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган зэрэг сумыг эрүүл бүс гэж зарласан. Цаашид Органик мал аж ахуйтай аймаг болохын тулд малын эрүүл мэндэд онцгой анхаарч халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоож баталгаажуулах, аймаг, нийслэл, сум, дүүрэг, эрчимжсэн аж ахуй нь тухайн халдварт өвчнийг хяналтад авах дэд төлөвлөгөөг баталж бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Үүний үр дүнд аймгийн бүх сумыг Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс болгох боломжтой” гэдгийг  Мал эмнэлгийн газрын дарга Л.Ариунаа хэлж байлаа.




“Хөвсгөл нутгийн малчдын хувьд байгалийн унаган төрхөө хадгалсан ус, бэлчээрт, уламжлалт аргаар малласан мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.


Цаашид олон улсын зах зээлд гаргахын тулд стандартыг мөрдөн органик гэдгийг баталгаажуулах шаардлагатай байна. Хөрш зэргэлдээ орнуудад түүхий эд, бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилготой" гэдгийг Засаг дарга П.Лхагважав онцолж байв.



Тус аймаг жилд 1.5-1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилд 240 тэрбум төгрөгийн мах зах зээлд нийлүүлдэг.

Мал аж ахуйн эдийн засагт суурилсан аймаг бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж гаднын зах зээлд түүхий эдийг нийлүүлж ашиг орлого олохын тулд “Органик мал аж ахуйтай аймаг” болох уриалгыг хэлэлцүүлэгт оролцогчид дэвшүүллээ.




Хэлэлцүүлгийн үеэр “Хөвсгөл аймгийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний давуу тал органикт шилжүүлэх нөөц, боломж, “Байгалийн нөөц ба зах зээл”, “Хөвсгөл аймгийн бэлчээрийн онцлог, үнэ цэнэ, экосистемийн цэвэр байдлыг илэрхийлэх нь”, “Органик бүтээгдэхүүний баталгаажуулалт ба экспортлох боломж” зэрэг сэдвээр мэдээлэл өгч ярилцлаа.


 

Холбоотой мэдээ