Эрх тэгш байдалд суурилсан олон тулгуурт үзлийнхээ төлөө баттай зогсохыг 77-гийн бүлэгт уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-16 12:29:45

ХАВАНА. /un.org/.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Кубын нийслэл Хавана хотноо Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн үгэндээ "хүн бүрийн төлөө үйлчилдэг дэлхийн төлөө тэмцэхийг" уриаллаа.


"Олон тулгуурт үзлийг баримталж ирсэн танай бүлэг хүчээ нэгтгэн тэмцэнэ гэдэгт найдаж байна. Олон зууны туршид үргэлжилсэн шударга бус байдал, үл тоомсорлох хандлагыг арилгаж,  зөвхөн эрх ямбатай хүмүүст бус хүн бүрд тэгш үйлчилдэг, эрх тэгш байдалд суурилсан тогтолцоог бий болгох үйлсийн төлөө түүчээлэн ажиллаарай" хэмээн НҮБ-ын тэргүүн хэлэв.


Ноён А.Гутерриш, 77-гийн бүлгийн улс орнууд сүүлийн хэдэн арван жилд олон зуун сая хүнийг ядуурлаас ангижруулсан хэдий ч  өнөөдөр ядуурал, өлсгөлөн нэмэгдэж, үнийн өсөлт, өрийн асуудал, цаг уурын өөрчлөлт зэрэг олон хямралтай нүүр тулж байгааг тэмдэглэлээ.


Тэрбээр, шинжлэх ухаан, технологи, инновацад зориулсан дээд хэмжээний уулзалтын сэдэв нь эв нэгдлийг дэмжиж, нийтлэг асуудлуудыг шийдэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн хэлжээ. Гэсэн хэдий ч "энэ сэдэв нь өдгөө ихэнхдээ тэгш бус байдлыг дэвэргэж, хуваагдлыг улам хурцатгаж байна" гэж НҮБ-ын тэргүүн хэлээд "COVID-19" вакцин, цахим технологид нэвтрэхэд өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын хооронд ялгаа их байгааг онцлон тэмдэглэв.


Олон улсын хамтын нийгэмлэгт "хэт туйлширч буй" өнөө үед  хүчтэй, үр дүнтэй үйл ажиллагаатай олон тулгуурт үзэлтэй байгууллагууд хэрэгтэй байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга дахин онцоллоо.

Холбоотой мэдээ