ГОВЬ--АЛТАЙ: Аймгийн хэмжээнд 146 тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-09-18 10:01:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 71 хайгуул, 61 ашиглалт, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 14 тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг.


Говь-Алтай аймаг 142 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Монгол Улсын хэмжээнд газар нутгийн хэмжээгээрээ хоёрдугаарт ордог өргөн уудам нутаг дэвсгэртэй аймаг. Аймгийн хэмжээнд 71 хайгуул, 61 ашиглалт, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 14 тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг бөгөөд “Алтайн хүдэр”, “Хан Алтай” гэсэн хоёр баяжуулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Үүний сацуу улсын төсвийн санхүүжилтээр Баян-Уул суманд “Эрэл үнэлгээ-4” төсөл, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр хэд хэдэн хайгуулыг хийж байна. Нүүрсний хоёр уурхай улирлын чанартай ажиллаж, орон нутгийн хэрэгцээнд олборлосон бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа юм.


Байгальд ээлтэй технологи бүхий ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж, тус зорилтын хүрээнд аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэд хэдэн арга хэмжээ тусган ажиллаж байгаа тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.


Тухайлбал: Ашигт малтмалын томоохон ордуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх; Үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулж, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх; Хууль бус ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн, ашиглах боломжтой газруудыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, бичил уурхай эрхлэгчдийг дэмжиж ажиллах, Түгээмэл тархацтай ашигт малтмалын илрэлийн нөөцийн судалгааг хийлгэх, орд газрын нөөцийг тогтоох, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх замаар барилгын материалын үйлдвэрлэлийг стандартад нийцсэн түүхий эдээр хангах зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ.


Холбоотой мэдээ