Изабэл Гэрра: Эрнест Хемингуэйн Куба дахь гэр музей 9000 үзмэртэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-09-18 13:35:07

Хавана /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Куба Улсад томилолтоор ажиллах үеэрээ Америкийн зохиолч, сэтгүүлч Эрнест Хемингуэйн гэр музейгээр зочиллоо. Энэ үеэр уг музейн тайлбарлагч Изабэл Гэрратай товч ярилцсан юм.


-Зохиолч Хемингуэй энэ газарт хэдээс хэдэн оны хооронд амьдарч байсан юм бол?

-Их зохиолч Эрнест Хемингуэй нь энэхүү газарт 20 жил амьдарсан. Зохиолч энэхүү газрыг 1940 оны 12 дугаар сард албан ёсоор худалдаж авсан түүхтэй. Улмаар 1960 оны долоодугаар сарын 25-нд АНУ руу буцсан. Финка вихиа хэмээх тус газар  4 гаруй га газрыг хамардаг. Зохиолчийн амьдарч байсан сууц, мөн хүүхдүүдэдээ зориулж барьсан байшин нь эндхийн хамгийн гол барилга юм. Тэдгээрийг түшиглэж хожим нь музей болгон тохижуулсан юм.


Музейг Эрнест Хемингуэйг Америк руу явснаас хойш Фидель Кастрогийн санаачилгаар 1962 оны долоодугаар сарын 21-нд байгуулсан. Фидель Кастро Эрнест Хемингуэй хоёр амьдралдаа нэг л удаа нүүр тулж уулзсан байдаг. Тэр үедээ хамтдаа зургаа татуулсан нь дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ба одоо ч тэрхүү гэрэл зургийн үнэ цэн буугаагүй. Одоо хүртэл хүмүүсийн үзэж харах дуртай түүхэн гэрэл зургийн нэг хэвээр байсаар байна.  


-Музей одоогийн байдлаар хэдий тооны үзвэртэй вэ?

-Манай музей нийт 9000 үзмэртэй. Зохиолчийн өөрийнх нь бичиж туурвисан эх бүтээлүүдээс гадна цуглуулсан ном зохиолууд багтдаг. Бүхий л эд зүйлс нь анх ямар байсан, тэр чигээр нь хадгалж байдгаараа онцлогтой. Мөн дэлхийгээр аялж байхдаа цуглуулсан төрөл бүрийн эд зүйл, тэр битгий хэл ахуйн хэрэглээндээ хэрэглэж байсан зүйлс ч энд хадгалагдаж байдаг. Учир нь анх музейг байгуулахдаа эхнэрийнх нь зөвшөөрлийг авч, байгаа янзаар нь музей болгон тохижуулсан учраас цэвэр хандиваар бүтсэн эх цуглуулгын музей юм. 



-Музейнхээ үзмэрийг хэрхэн баяжуулдаг вэ? Монголчууд Эрнест Хемингуэйн зохиол бүтээлийг олноороо унших дуртай л даа. Танай музейд манай орчуулагчид өөрсдийн бүтээлийг илгээх боломжтой юу?

-Манай музей жил бүр үзмэрийн баяжуулалтыг хийдэг. Эрнест Хемингуэйн зохиол бүтээлтэй холбоотой эх болон орчуулгын бүтээлийг бид тогтмол хүлээж авдаг. Мөн судалгааны бүтээлүүдийг ч хүлээж авдаг. 


-Өдөрт хэдий тооны жуулчин танай музейг үзэж сонирхдог вэ? Аль улсын иргэд голчлон ирж үздэг гэсэн үг вэ?

-Өдөрт дунджаар 50-200 жуулчин ирдэг. Манай музейг үзэхээр ихэнхдээ америк жуулчин олноороо ирдэг. Мөн европ хүмүүс их ирдэг. Азиас япончууд ирж байсан. 


-Энэхүү музейн тайлбарлагчаар та хэд дэх жилдээ ажиллаж байна? 

-Би тус музейд арав гаруй жил ажиллаж байна. Энэхүү музейд тайлбарлагчаар ажиллаж байгаа маань нэр төрийн хэрэг юм. Их зохиолчийг өдөр бүр таньж мэдэхийн зэрэгцээ олон орны хүмүүст таниулж мэдүүлж яваадаа баяртай байдаг. 


-Энэ хугацаанд манай улсаас ирж байсан аялагч жуулчин бий юу?

-Миний санахаар монгол хүмүүс ирж байсан удаагүй. Та нар анхны хүмүүс болж байна. 


-Ярилцлага өгсөнд баярлалаа.


Холбоотой мэдээ