“Evergrande” группийн ажилтнуудыг саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-09-18 14:22:02

БЭЭЖИН. /VOA/. Хятадын өмнөд нутгийн цагдаагийн газар “Evergrande” группийн хөрөнгийн менежментийн компанийн зарим ажилтныг саатуулсан нь тус компанид тулгараад буйд асуудлууд дээр улам нэрмээс болох мөрдөн шалгах шинэ ажиллагаа эхэлж магадгүйг харууллаа. 


“Саяхан нийгмийг аюулаас хамгаалах байгууллагууд “Evergrande Financial Wealth Management” компанийн Ду Лян болон бусад сэжиг бүхий хүмүүсийн эсрэг албадлагын арга хэмжээ авсан” гэж Шэньжэн хотын цагдаагийн газар бямба гаргийн орой нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгдсэн байна.


Evergrande” группийн Шэньжэн дэх төв байранд 2021 онд болсон хөрөнгө оруулагчдын эсэргүүцлийн ажиллагааны үеэр Ду Лян бол “Evergrande”-ийн хөрөнгийн менежментийн компанийн ерөнхий менежер, хууль ёсны төлөөлөгч гэж танилцуулж байжээ. 


Баривчлагдсан хүмүүсийн дунд Ду байсан гэдгийг “Reuters” агентлаг баталж чадаагүй ба цагдаагийн газрын мэдэгдэлд хэдэн хүн саатуулагдсан, тэднийг ямар хэрэгт буруутгаж байгаа, хэзээ саатуулсан талаар дурдаагүй байна. “Evergrande”-аас энэ талаар тодруулга авах гэсэн боловч хариу өгөөгүй байна.


Тус компанид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг цагдаагийн газар мэдээлээд, цаашид санхүүгийн гэмт хэрэг гарсан тохиолдолд мэдэгдэж байхыг хөрөнгө оруулагчдад уриалжээ.


Дэлхийд хамгийн их өртэйд тооцогддог үл хөдлөх хөрөнгийн “Evergrande” групп нь 2021 оны сүүлчээр дэгдсэн Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралын гол цэг болоод байгаа бөгөөд үүний улмаас дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлт удааширч байна.


“Evergrande”-ийн хувьцааны арилжааг наймдугаар сарын 28 хүртэл 17 сарын хугацаагаар зогсоосон юм. Пүрэв гарагт “Moody's” агентлаг Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөвийг тогтвортойгоос сөрөг болгон бууруулсан бөгөөд засгийн газрын дэмжлэгээс үл шалтгаалан эдийн засгийн хүндрэлүүд нь борлуулалт буурахад хүргэнэ гэж дүгнэжээ.

 



Холбоотой мэдээ