ДОРНОГОВЬ: Сэнжит хад
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬАлтанширээ /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн түүхэн дурсгалт сонин хачныг өгүүлсэн онцлог газраас цувралаар хүргэж байна.
Тус аймгийн Алтанширээ сумын есөн гайхамшгийн нэг болох Сэнжит хад сумын Тойг багийн нутагт орших ба аймгийн
төвөөс 122 км, сумын төвөөс 35 км-т байрладаг. Энэ хад сумын Ширийн чулуу хэмээх хойноосоо урагш
хамарласан 15 км урт, хоёр км өргөн газрыг эзэлсэн өвөрмөц тогтоцтой үргэлжилсэн хадны дунд байдаг бөгөөд холоос
харахад бараа сүртэй арслан мэт төдийгүй зарим дээр нь бичигтэй, том, жижиг олон
сэнжтэй бөлгөө.
Олон зуун жилийн тэртээгээс нар салхинд элэгдэн
дэлхийд гайхагдах энэ хадны сонин тогтоц нь сэнжит хад. Арав гаруй метр
өндөрт буй том хадыг өргөн, нарийн
хоёр тулгуур дээр тогтоон барьж байгааг харахад гайхмаар сонин.
Энэ хадны
өнгөт зураг Улсын Драмын театрын олны танхимд байрласан байдаг бөгөөд 1970 оны үед хуучнаар Зөвлөлт холбоот улсын сэтгүүлд, төв орон нутгийн олон сонин хэвлэлд нийтлэгдэж байжээ. Энэ орчмын
уулс хад нь өвөлд нөмөр дулаан, зунд сэрүүн сайхан байдгаас гадна энд долоогоос
найман худаг, 18 өтөг бууц, дөрвөөс таван ханан хадан хороо байдаг. Сэнжит хадыг
нутгийн зохиолч М.Чулуун “Байгаль ээжийн цонх “ гэж зүйрлэсэн байдаг.