Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль өөрийн марктай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 100 жил" сэдэвт шуудангийн шинэ марк болон анхны өдрийн дугтуйн нээлтийн ёслол 2023 оны 9 дүгээр сарын 20-нд тус сургуульд боллоо.
“Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 100 жил” сэдэвт блок маркт оюуны өргөө сургуулийн барилга, эрдэм мэдлэгийг эрхэмлэгч сурагчдыг дүрсэлжээ. Блокийн чимэглэл хэсэгт 1926 оны анхны төгсөгч Ардын зураач Л.Намхайцэрэнгийн 1981 онд зурсан сургуулийн анхны нэг давхар модон байшин, математикийн багшаар 1955-1981 онд ажилласан БНМАУ-ын гавьяат багш С.Цагаан сурагчдын хамт, тооны олимпиадын аваргын цом зэргийг тус тус дүрслэн харуулсан байна.
Шинэ Монгол улсын Ардын Засгийн газар 1923 оны хоёрдугаар сарын 16-нд Хүрээний анхны дунд сургуулийн тулгын чулууг тавьсан ажээ. 1926 онд дунд ангийг анхны 40 сурагч төгсөж, шилдэг тэргүүний 30 сурагчийг Орос, Герман, Франц улсад суралцуулахаар явуулсан түүхтэй. 1940 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар хичээлийн 4 давхар одоогийн барилга бариулж, ашиглалтад оруулсан бөгөөд тэр ондоо Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор тус сургуулийг “Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит” болгосон байна. 1941 онд Монгол Улсын ЕБС-ийн анхны 10-р ангийн төгсөлт хийжээ. Энэ нь дээд боловсролтой боловсон хүчнийг дотоод, гадаадад бэлтгэх бүрэн дунд боловсролын бэлтгэлийг хангасан түүхэн үе гэж үздэг.