Ханх сум орчимд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 38 км зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт 14.31 цагт болсныг ШУА-ийн Одон орон,
геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Ханх сумын нутагт 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш 60 гаруй мянган удаа газар хөдлөлт бүртгэгдсэний 200 гаруй нь 3.5 болон түүнээс дээш магнитудын
хүчтэй байв. Газар
хөдөлсөн хэсэг нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын
зургаар VIII баллын бүсэд хамаардаг бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд
5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар
хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн
болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.