БАЯН-ӨЛГИЙ: Иргэдийн 47 хувь нь тоон гарын үсэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-27 15:00:33

Өлгий /МОНЦАМЭ/. Цахим гарын үсгийн тухай хууль өнгөрсөн оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуульд заасны дагуу Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд 5 жилийн хугацаагаар тоон гарын үсэг олгож байгаа.


Тоон гарын үсгийг бүх төрлийн төрийн цахим үйлчилгээ, гэрээ, хэлцэл байгуулах, банк, санхүү, төлбөр тооцоо хийх, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ авах, өргөдөл, хүсэлт, зөвшөөрөл, албан тоот болон бусад төрлийн цахим үйлчилгээнүүдэд ашиглах юм.


Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тоон гарын үсэг олгох ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Энэ хүрээнд хэлтсийн ажилтнууд албан байгууллагуудаар орж, ажилтан албан хаагчдад тоон гарын үсэг олгож байгаа. Мөн ХААН банктай хамтран "Тоон гарын үсэг олголтыг идэвхжүүлэх аян"-ыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл өрнүүлсэн юм. 


Үүний үр дүнд одоогийн байдлаар тус аймгийн тоон гарын үсэг авбал зохих 16-гаас дээш насны 76 мянга орчим иргэний 35724 нь тоон гарын үсэгтэй болжээ. Энэ нь зорилтот иргэдийн 47 хувийг эзэлж байна.


Аймгийн хэмжээнд иргэдэд тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ой буюу чип, ухаалаг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгох ажил үргэлжилж байна

Холбоотой мэдээ