ӨВӨРХАНГАЙ: Д.Элбэрэл: 18-25 насныхан бусдын нөлөөнд автаж санал өгдөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр
/МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр КОЙКА Олон улсын байгууллагын дэмжлэгээр “Оролцоно, төлөөлнө" сэдэвт өдөрлөгийг
есөн аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдэд зохион байгуулж эхэлжээ.
Орон нутаг дахь үйл ажиллагаа Өвөрхангай аймгаас эхэлж, “Амлалтаар нэгдье” уриан дор уулзалт, өдөрлөгийг зохион байгууллаа. Хариуцлагатай сонгогч бэлдэх зорилготой тус уулзалтад 18-аас дээш насны 200-гаад иргэн оролцож, шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэл, зөвлөгөөг авав.
“УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд 18-25 насны залуусын гуравны нэг нь саналаа өгдөг. Тэдний ирц хангалтгүй байгаагийн шалтгаан нь яагаад сонгуульд оролцох ёстой вэ, өөрийнх нь санал ямар үнэ цэнтэй вэ гэдгийг ойлгоогүйтэй холбоотой. Манай хороонд сагсны талбай байна уу, цэцэрлэг, сургууль хангалттай юу гэх зэрэг бидэнд хамаатай асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх чухал төлөөллөө сонгох гэж байгааг ойлгохгүйгээр “Надаар дутав гэж, надад ямар хамаатай юм бэ” гэдэг.
Мөн бусдын нөлөөнд автаж сонголт хийдэг. Өөрт мэдлэг, мэдээлэл байхгүйгээс болж, аав ээж, эмээ өвөөгийнхөө заавраар санал өгдөг тохиолдол их бий. Энэ байдлыг өөрчилж, хариуцлагатай сонгогч бэлдэх нь манай төслийн зорилго юм. Өнөөдөр уулзалт, хэлэлцүүлгээс гадна “Her story”, хөгжөөнт тоглоом тоглох, сонирхолтой сонжоо бөглөх, цахим амлалтын аян, явуулын номын сангаар үйлчлүүлэх зэрэг есөн төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан залууст болон ирэх жил сонгууль өгөх ахлах ангийн сурагч, оюутнуудад сонгуулийн тухай мэдлэгийг олгож байна” хэмээн Сонгогчдын боловсрол төвийн төслийн менежер Д.Элбэрэл хэллээ.