ОРХОН: “Орлогод нийцсэн орон сууц” төслийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-29 12:58:44
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн дахин төлөвлөлт болон хотын инженерийн шугам сүлжээний шинэчлэл,  “Орлогод нийцсэн орон сууц” төслийн үйл ажиллагаатай танилцлаа.


Орхон аймаг хотын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс байгуулах, гэр хорооллын тэлэлтийг хумих зорилгоор 2022 оноос дахин төлөвлөлтийг эхлүүлсэн. Үүний хүрээнд “Орлогод нийцсэн орон сууцны төсөл”, “Хотын инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх,  шинэчлэх, сайжруулах,  ажлыг эхлүүлээд байна. Дахин төлөвлөлтийг  гэр хорооллын 9 багийн 124,3 га газарт хийж нийт 5368 айлын орон сууц барина. Үүнд Цагаанчулуут, Уурхайчин,  Говил, Баянцагаан,  Уртын гол, Их-Залуу, Найрамдал, Оюут, Эрдэнэ багт төлөвлөлт хийнэ.


“Орлогод нийцсэн орон сууц төсөл”-ийг гэр хорооллын Уртын гол багт хэрэгжүүлж 260 айлын орон сууцыг  Орхон аймаг өөрийн хөрөнгөөр барьж  ашиглалтад оруулаад байна. Цаашид 6820 айлын орон сууцыг алслагдсан  багийн гэр хорооллуудад барихаар төлөвлөж байгаа ажээ.  


Хотын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 2.9 тэрбум төгрөгөөр гэр хорооллын 7 багт дулааны шугамыг шинэчилснээр нийт 1245 өрх төвлөрсөн шугамд холбогдох боломжтой болж байна.


Мөн Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станцаас хотын төв хүртэлх 6,4 км Бохирын 3 дугаар хоолойг шинээр тавьснаар Оюутны хотхоны 50 га газар, Сархиа уулын энгэр, Дөмөг захын орчим барилгажих боломжтой болж байна.


Эдгээр мэдээллийг аймгийн Засаг дарга С.Батжаргал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.

Үүний дараа Ерөнхий сайд “Эрдэнэт” соёл урлагийн цогцолборт иргэдтэй 13 цагаас уулзах юм. 



Холбоотой мэдээ