АРХАНГАЙ: Нүхэн жорлонгүй аймаг болох санамж бичигт гарын үсэг зурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-02 20:25:08

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн аялал жуулчлалын нэгдсэн форумыг 9 дүгээр сарын 30-ны өдөр АРА комплекст зохион байгууллаа. 



Форумын гол зорилго аялал жуулчлалын салбарын тулгамдаж буй асуудлыг гарган, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, орон нутгийн аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг тогтворжуулах, өргөжүүлэх арга замыг тодорхойлох юм.


Архангай аймгийн тухайд хөгжлийн гол хөшүүрэг нь хөдөө аж ахуй мөн аялал жуулчлал юм. Тусдаа салбар мэт боловч аялал жуулчлалын салбарт нэгдмэл ойлголт болно. Ийм ч учраас сав баглаа боодол бүхий сүү, цагаан идээний үзэсгэлэн гаргаж, оролцогчдод Архангай нутгийн брэнд бүтээгдэхүүн цагаан идээг амтлуулж, худалдан авалт хийх боломжийг олгосноос гадна гадны жуулчин авч ирдэг тур оператор компаниудтай хамтарч ажиллах гэрээ байгуулжээ.


Мөн цагаан идээний үзэсгэлэн худалдааны үеэр гаднаас ирсэн олон улсын байгууллагуудын төлөөлөгч нарт цагаан идээг амсуулж, хамгийн амттай идээг эхний гурван байраар шалгаруулж, 2.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.


Архангай аймаг нь үзэсгэлэнт байгаль, түүх соёл, уламжлалт ёс заншил, нүүдэлчин ахуйн үнэт өв, орон нутгийн онцлог бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байна.


2023 оны 9 дүгээр сарын байдлаар тус аймагт 19892 гадаад, 297121 дотоодын иргэн аялсан байна.   


Тус форумд аймаг болон зарим сумын удирдлагууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тур оператор компаниудын 200 гаруй хүн оролцож:

- “Хорхог” буюу жуулчдын хоолны асуудлууд, тэдгээрийг шийдэх,

- “Фургон” буюу тээвэр ложистик, аюулгүй байдлын асуудлуудыг шийдэх,

- “Модон жорлон” буюу аялал жуулчлалын дэд бүтэц, зочдын тав тухтай байдлыг хангах шийдлүүд гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, аялагчдыг дайран өнгөрөх бус хонох хоногийг уртасгах олон санал санаачилгууд гарсан юм.


Форумын төгсгөлд Архангай аймаг анхны нүхэн жорлонгүй аймаг болох био бие засах газрын төслийг инженер С.Ган-Одтой хамтран хэрэгжүүлж эхлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.

 

Архангай аймгийн аялал жуулчлалын боломжууд:

-Архангай аймгийн 9 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 6 газрын 4839 хавтгай дөрвөлжин км талбайг улсын тусгай хамгаалалтад, 15 сумын 28 газрын 8291.9 хавтгай дөрвөлжин км талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

 

-Архангай аймагт орон нутгийн чанартай ашигладаг халуун, хүйтэн 45 рашаан төст булаг байдгаас эмчилгээ сувилгаа болон амралт үйлчилгээний чиглэлээр халуун рашаан 5, хүйтэн рашаан 6 нийт 11 ашигладаг байна.

 

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор 9 сумын 18 түүх соёлын дурсгалыг Улсын хамгаалалтад,

 

-Боловсрол шинжлэх ухаан спортын сайдын 2020 оны А\161 дугаар тушаалаар 16 сумын 39 түүх, соёлын дурсгалыг аймгийн хамгаалалтад,

 

-Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 33 дугаар тогтоолоор 302 түүх соёлын дурсгалыг сумын хамгаалалтад,


-2023 оны 9 дүгээр сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар Ихтамир сумын Баянцагааны хөндий, Өндөр-Улаан сумын Жаргалантын амны Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг Дэлхийн өвийн жагсаалтад  тус  тус бүртгэгдсэн байдаг.

 

-Ургамлын тухайд  81 овог, 231 төрөлд хамаарах 946 зүйлийн ургамал бүртгэгдсэнээс нэн ховор ургамал 46, ховор 78 зүлийн ургамал ургадаг бол амьтдын тухайд 67 зүйл хөхтөн, 2 зүйлийн хоёр нутагтан, 2 зүйлийн мөлхөгч, загас 17 зүйл, шувуу 182 зүйл бүртгэгдсэн байдаг.

 

-Архангай аймгийг “Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” болгон хөгжүүлэх /2019-2030/ дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн аялал жуулчлалын бүсийг дэлхийн өвийн, нүүдэлчдийн соёлын, байгалийн аяллын гэсэн 3 бүсийг тогтоож, 21 аялал жуулчлалын мэдээллийн цэг байхаар тусгасан.


Уг баримт бичигт 19 сумыг цогцоор нь хөгжүүлэхээр тусгаж, орон нутгийн хөгжлийн сангаар 238,0 сая төгрөгөөр Дэлхийн Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын музей, аялал жуулчлалын цогцолбор байгуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Сарлагийн музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын судалгааны төвийн барилга, Тамир хүүхдийн зусланг Олон улсын хүүхдийн зуслан болгох барилгын зураг төсөв, Өгийнуурын орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тус тус боловсруулаад байна.

 

“Аяллаа Архангай-2024” аялал жуулчлалын нэгдсэн форумын талаар оролцогчид ам сайтай байсан ба нэг постыг ийн онцлов.

 

Европ-Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Билэгтийн Зандан:

-"Браво Аяллаа Архангай 2024 форум

Архангай аймаг аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх ёстой вэ гэдгийг утгаар нь үлгэрлэн харуулж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь “Аяллаа Архангай” форумаас харлаа. Хотоос 150 орчим жуулчны компанийн, ОУБ, бизнесийн холбоодын зочид төлөөлөгчдийг урьжээ. Маш тухтай автобусаар аваад, аймгийнхаа шилдэг буудлуудад хонуулаад, сайхан хоолоор үйлчлээд, шилдэг гэсэн газруудаа үзүүлээд, сайн хөтөлбөр зохиожээ.

 

Хамгийн чухал нь дараа жилийн арга хэмжээнүүдээ бүгдийг нь зоож товлон зарлалаа. Ийм явдал Улаанбаатарт ч ховор шүү дээ. Энэ бүхний зардлыг Архангай аймгийн ЗДТГ, хувийн хэвшлийнхэн хамтран гаргажээ.

 

Мөн Архангайн брэндингийг нь Brand21 утга төгс хийжээ. Ёстой л brand DNA-г нь яс махандаа тултал ойлгож, брэнд бүүкийг нь гаргаж өгчээ. Зая гэгээний хийд орж үзээд, Булган ууланд зул өргөв. Харанхуйд уулан дээр маш олон зул байхыг хараад сүсэг бишрэл тааруу би хүртэл өөрийн эрхгүй сүсэглэмээр болж, нулимсаа залгив. Саяхан өнгөрсөн ээжийнхээ хойдхыг даатгаж үнэн сэтгэлээсээ залбирав” гэжээ.

 

2024 онд Архангайд юу болох вэ?

-Булган уулын түмэн зул, Тамирын жавар мөсний баяр /2017 оноос/ 1 сарын 3 дахь долоо хоногийн бямба, ням гарагт Эрдэнэбулган сум

-“Мөсний загасчлалын дэлхийн АШТ /2014 оноос/ 3-р сарын 3 дахь долоо хоногийн бямба, ням гарагт Өгийнуурт

-Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялал /2009 оноос/ 8 дугаар сарын 5 Хашаат сум

-Орхоны хөндийн адуучдын баяр /2010 оноос/ 8 дугаар сарын 7 Хашаат сум

-“Монгол сарлаг” фестиваль /2015 оноос/ 8 дугаар сарын 18 Ихтамир сум


Архангай аймагт аялал жуулчлалын салбарт ажиллаж буй жуулчны гэр, байшин, гэр буудал, зочид буудал, дэн буудал, амралтын газар гээд нийт 5674 ортой, 218 аж ахуй нэгж, байгууллага та бүхнийг хүлээж авахад бэлэн байна. 

Холбоотой мэдээ