Янгирын эрлийз ухнаар сүргээ сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-19 22:01:36

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 3-р багийн малчин Л.Ням мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулахад ихээхэн анхаардаг малчин юм. Тэдний 1000 орчим бог мал нутгийн шилмэл үүлдэр омгоор сайжирсан таваарлаг сүрэг ажээ.

Хонио Говь-Алтайн илүү нугаламт, Төв аймгийн Алтанбулаг, Увсын баяд хуцаар, ямаагаа Хөвчийн болон Алтайн улаан ухнаар, тэмээгээ нутгийнхаа Төхөм Тунгалагийн хос зогдортоор, адуугаа Тэс, Гал шарын азаргаар, үхрээ Сэлэнгийн цагаан толгойт үүлдрүүдээр тус тус сайжруулсан байна. Сүүлийн есөн жил шилмэл малын үзэсгэлэнд оролцож 41 алтан медаль, 9 мөнгөн медаль хүртлээ одоогоор хүрэл аваагүй байна хэмээн өвгөн малчин ярьж байлаа. Мал сүргийн үүлдэр угсаа шилмэл үүлдэр омгоор сайжирснаар малын амьдрах чадвар сайжирч зуд турханыг сайн давдаг гэнэ.

Тэрээр хоёр малаас авах ашиг шимийг нэг малаас авах зорилготой ажилладаг байна. Саяхан Баянхонгор аймгаас хоёр настай янгирын эрлийз ухна авч энэ намар шилмэл 20 ямаанд нийлүүлэг хийж бие томтой, махны гарц сайтай, зуданд тэсвэртэй шинэ ямаатай болохор зорьж байгаа гэнэ.

                                                                               Ш.Цоодол

Холбоотой мэдээ