Б.Жавхлан: Хүүхэд хамгааллын зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэвэл бусад зардлаа танах замаар нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-09 16:14:22

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Ирэх оны төсөв нь холбогдох хуулийн заалтуудыг нарийн мөрдсөн төсөв болсон. Зураг төсөвгүй нэг ч төслийг тусгаагүй” гэлээ.

 

Тэрбээр цааш ярихдаа "Ирэх оны төсөвтэй холбогдуулж нийт аймгийг тойрч, иргэд сонгогчдын саналыг авлаа. Энэ жишиг ирэх жилүүдэд хэвээр хадгалагдана. Шинэ оны төсөвт туссан томоохон төслүүдээс нэрлэвэл, эрүүл мэндийн салбарт олон жил яригдсан 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Эс эд эрхтэн шилжүүлэх эмнэлгийн барилгын ажлыг 40 тэрбум төгрөгөөр эхлүүлж, гурван жилийн дараа ашиглалтад оруулна. Ирэх онд нүүрсний борлуулалтыг 60 сая тонноор төлөвлөсөн. Энэ жил 36 сая тонн нүүрс гаргана гэж тооцоолсон ч өнгөрөгч долоодугаар сарын нэгэн гэхэд дээрх хэмжээний нүүрсийг нийлүүлж чадсан. Тиймээс энэ тоог өсгөж төсвийн тодотголоор 50 сая тонн нүүрс гаргахаар нэмэгдүүлсэн ч өнөөдрийн байдлаар 51 сая тонн нүүрсийг хилээр гаргаад байна. Тэгэхээр 60 сая тонн гэдэг их даруу тоо тул боломжит нөхцөл бүрд дээрх тоог нэмэгдүүлнэ.


Хүүхэд хамгааллын зардлыг нэмж тусгасан. Хэрэв УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн түвшинд энэ чиглэлийн зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзвэл бусад зардлаа танах замаар нэмэх болно" гэлээ. 

 

Холбоотой мэдээ