Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах бүтцийг ажиллуулж, интернэт үйлчилгээ эрхлэгчдийн үүргийг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-11 14:56:22

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.


Тэрбээр “Монгол Улсын нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.2 сая хүүхэд байна. Манай улс Хүүхдийн эрхийн тухай хуулийг баталсан ч тунхагийг шинжтэй хууль болсон. Тиймээс 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, түүнтэй уялдуулж нийт аймгийн төв болон 9 дүүрэгт ажиллах бүтцийг байгуулсан. Хүүхэд хамгааллын тухай хуультай болсноор бүх асуудал өргөс авсан шиг шийдэгдээгүй. Өнөөдөр нийгэмд гарч байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс үйлдэгдсэн байна. 23 хувь нь боловсролын байгууллага, багш, сурган хүмүүжүүлэгч болон үе тэнгийнхэнтэй нь хамаатай байгаа бол үлдсэн хувь нь нийгмийн нөлөөтэй гэсэн тоон үзүүлэлт гарч байна. Үүнээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо огт буурахгүй байна. Мөн гэмт хэргийн улмаас нас барсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, замын тээврийн осолд өртөж амиа алдсан хүүхдийн тоо сэтгэл зовоосон асуудал байсаар байгаа тул ноогдуулах ялыг чангатгахаар болж байна" гэлээ.


Энэ удаагийн төслийн шинэчлэлээр төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд тодорхой болж, хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ. Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн зөв хуваарилалт хийж, хүүхэд бүрд үзүүлэх үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа тогтмолжих юм. Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор хууль тогтоомжийн хэрэгжилт анхан шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, салбар бүр хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжүүлэх төсвийг төлөвлөн батлуулж хэрэгжүүлнэ.


Сургалтын орчин, дотуур байранд үе тэнгийн дээрэлхэлт гарахаас урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалт бүхий бүтэц ажиллаж, интернэт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлага сайжрах аж. Мөн гамшиг, онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхэд хамгааллын зохицуулалт тодорхой болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, оролцоог хангах эрх зүйн орчин бүрдэнэ. Хүүхдэд хүргэх хүүхэд хамгааллын үйлчилгээ нэр, төрөл тодорхой болж, тэдгээрийг хүргэх зохицуулалт тодорхой болж хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ.


Хүүхэд хамгааллын кейс менежментийн алхмуудыг тодорхойлж, мэргэжлийн удирдлагын чиг үүргийг хуульчилснаар хүүхдэд хамгааллын  үйлчилгээг цаг алдалгүй, үр дүнтэй хүргэх, хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, үр дүнг үнэлэх, хянах механизм сайжирна гэж үзэж байна.



Холбоотой мэдээ