АРХАНГАЙ: “МонПЭН санаачилга” төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-12 16:55:30

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төсөл Архангай аймагт эхэллээ.

 

Архангай аймагт хэрэгжиж эхэлж буй “МонПЭН санаачилга” төсөл нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй цогц арга хэмжээ аж. 


Гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.

 

ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-ын хамтран хэрэгжүүлж буй “МонПЭН санаачилга”, Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбогдуулан Улаанбаатараас ажлын хэсэг ирж, “МонПЭН санаачилга”-ыг нэвтрүүлэх, хамтран ажиллах талаар удирдлагын багын уулзалтыг зохион байгууллаа.  

 

Аймгийн ЗДТГ, ЭМГ, НЭ, СӨЭМТ-ийн 50 гаруй эмч, мэргэжилтнүүдэд төслийн үйл ажиллагаа болон PEN/HEARTS багцийн танилцуулга, иргэдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр чадавхжуулах онол, практик, бүлгийн ажлыг хослуулсан сургалтыг ЭМЯ, НЭМҮТ, АШУҮИС, УГТЭ, ДЭМБ-ын хамтарсан баг сонирхолтой байдлаар удирдан зохион байгууллаа.

 

ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-ийн төлөөлөгчид “МонПЭН САНААЧИЛГА”-ын хүрээнд төсөл хэрэгжихийн өмнөх суурь үнэлгээний баг Архангай аймгийн “Мөнгөнчагнуур” ӨЭМТ, Ихтамир, Цэнхэр сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, суурь үнэлгээ хийж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөц, ажиллах эмч, сувилагч нарын ажил байдалтай танилцаж одоогийн нөхцөл байдалд тулгарч байгаа асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэж, хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ