СҮХБААТАР: Эртний зэр зэвсгийн 300 гаруй цуглуулгаа музейд бэлэглэв

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-10-26 11:56:52

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/.Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, судлаач, цуглуулагч Ц.Батсайхан "Монголын эртний зэр зэвсэг" цуглуулгын үзэсгэлэнгээ гаргаж, улмаар уг үзэсгэлэнд дэлгэсэн 300 гаруй цуглуулгаа аймгийн Угсаатны зүйн музейд бэлэглэлээ.

 

Тэрбээр өмнө нь аймгийн 80 жилийн ойн хүрээнд Д.Сүхбаатар жанжинтай холбогдох болон эртний зоос, тэмдэгт 150 гаруй ширхгийг мөн Түвшинширээ сумын Орон нутаг судлах танхимд 1940-1950 онд хамаарах гэрийг иж бүрэн тавилга, эдлэл хэрэгсэлтэй нь хандивлажээ. Зөвхөн гэр л гэхэд 120 гаруй сая төгрөгөөр үнэлэгджээ.

 

Аймгийн музейд эртний зэр зэвсгийн үзмэр байдаг ч нэр төрөл болоод тоо ширхгийн хувьд хангалттай биш. Харин эдгээр эртний ховор цуглуулга музейд ирснээр бүрэн танхим байгуулах хэмжээний зэр зэсвгийн үзмэртэй боллоо гэдгийг Угсаатны зүйн музейн захирал Д.Ариундэлгэр хэллээ.

 

Сүхбаатар аймаг бол түүх археологийн олдвор ихтэй нутаг. Эдгээр цуглуулгын дийлэнхийг мөн төрөлх нутгаасаа олж илрүүлжээ.