Нийт нутгийн 50 хувьд зудын өндөр эрсдэлтэй, өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-18 17:27:30
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаагаас 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ.


Мөн ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, орсон цас хайлж эхэлж байгаа ч арваннэгдүгээр сарын 22-ноос эрс хүйтрэх тул газрын өнгөн хэсэгт мөсөн бүрхүүл тогтсох эрсдэл үүсэж болзошгүй байгаа ажээ. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй, нийт нутгийн 48.5 хувь нь бэлчээрийн даац хэт давсан үзүүлэлттэй байна.


Тиймээс малчид, иргэдэд мэдээллийг сайтар хүргэж, аймаг, сумдад отор нүүдэл хийх шаардлагатай байгаа айл, өрхүүдийн судалгааг гаргах, тодорхой хуваарь, зохицуулалтын дагуу орон нутгуудтай хамтран, хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ХХААХҮЯ-нд даалгалаа. 


Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай, өвс тэжээлийн нөөц бэлтгэл, татан авалт 78 хувьтай байгаа ажээ.

Холбоотой мэдээ